Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Амар Амгалан” хотхонд хоёр жилийн өмнө захиалга өгсөн иргэд тусламж хүсэж байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах “Амар Амгалан-1” 93 айлын орон сууцыг барьсан “Нарны хүү, сарны охин” компани хоёр жилийн өмнө урьдчилгаа мөнгө төлж, захиалга өгсөн иргэд хохирч буй тул тусламж хүсэж, мэдээлэл хийлээ. 

Тус байранд анх захиалга авахдаа “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронз урьдчилгаа 10-20% төлөх боломжтой, орлого нотлох шаардлагагүй, банкны зээлтэй байж болох бөгөөд нэг ам.метрийг нь 1,250,000 төгрөгөөр зарна гэгчлэн “Монгол HD” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрөөр ипотекийн 5%-ийн зээлийн төслийг хэрэгжүүлэх тухайгаа ярьжээ. Тухайн үед ипотекийн 8%-ийн зээл зогссон байсан тул иргэд тус компанийг сонгосон тухай хохирсон иргэдийн нэг Ц.Ариунаа тайлбарласан юм. Гэвч “Амар Амгалан-1” орон сууц ашиглалтад орчихоод байгаа ч анх захиалга өгсөн иргэд нь байрандаа орж чадахгүй хохироод байгаа аж.

Тодруулбал, захиалга өгсөн иргэдийн байрыг нэг ам.метрийг нь 1,850,000 төгрөгөөр өөр хүмүүс зарах болжээ. Энэ талаар олж мэдсэн зарим нь мөнгө ч үгүй, байр ч үгүй үлдэхгүйн тулд зарим байрыг хүсээр онгойлгон нүүж орсон байна. Учир нь тус байр ашиглалтанд орж эхэлсэнтэй зэрэгцээд ерөнхий захирал Д.Гүрсоронз, үйл ажиллагаа хариуцсан захирал буюу эгч Д.Одгэрэл нь оффис дээрээ ирэхээ больж, зээлийн хорооны шийдвэр гараагүй гэх нэрийдлээр гэрээгээ зөрчиж, бусдад өндөр үнээр дамлахдаа иргэдэд бичгээр мэдэгдээгүй аж. Хохирсон иргэд дөрвөн удаа мэдэгдэл өгсөн ч өнөөдрийг хүртэл компаниас хариу ирээгүй тул арга буюу хоосон зарим байр луу нь хүчээр оржээ.  

Хоёр жилийн өмнө 10-20 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд байрандаа орж чадаагүй 15 айл ийнхүү нэгдсэнээс гадна гэрээгээ цуцалсан хэрнээ мөнгөө аваагүй 20 гаруй айл байгаа гэнэ. Мөн “Амар Амгалан-2,3” орон сууцны хохирогчид ч байгаа бөгөөд хохирсон иргэд цагдаа шүүхээс гадна БЗД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Батзориг нарт хандсан гэнэ. Гэвч хохирлоо барагдуулаагүй байгаа тул асуудлаа шийдүүлэхийг компаниас хүсэж буй талаараа ийнхүү мэдэгдлээ.