Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гүрсоронз: “Амар Амгалан” II, III байрны захиалагчдын гэрээ цуцлагдаж, төсөл зогсонги байдалд ороод байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Амар Амгалан" II, III дугаар байранд захиалга өгсөн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар төслийг хэрэгжүүлэгч “Нарны хүү Сарны охин” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нарны хүү Сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз “Нарны хүү Сарны охин” ХХК нь 2015 оноос эхлэн Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах үүднээс өөрийн санхүүжилтээр иргэдэд ипотекийн жилийн таван хувийн хүүтэй зээл болгож эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар бид 100 хувь өөрсдийн эх үүсвэрээр 16 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтыг гарган, нийт 200 орчим өрхийг 5-20 жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр орон сууцны зээлд хамруулж, орон сууцжуулаад байна.

Бид төслийн барилгаа “Амар Амгалан” гэж нэрлэсэн. Иргэдэд бага хүүтэй дэлхийн жишигт нийцсэн зээлийн хүүний түвшингээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлж, ажилтай орлоготой л бол заавал нийгмийн даатгал төлсөн байх, тэтгэврийн насных, гадаадад ажиллаж амьдардаг эсэхээс үл хамааран  ипотекийн зээлийг олгож ирсэн. Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд бидний хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүрлээ.

Тодруулбал, “Амар Амгалан” II, III төслүүдтэй холбоотой. Манай компанийн үйл ажиллагаа харилцагч компанийн бизнесийн ёс зүйгүй үйлдлээс болоод алдагдалд орж, олон тооны захиалагчийн захиалгын гэрээ цуцлагдсан болон компанийн хэрэгжүүлж буй төсөл зогсонги байдалд ороод байна.

Учир нь “Нүүдэлчин групп” ХХК-тай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 2018 оны наймдугаар сарын 21-ний өдөр 116,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн Шар хадны 67-гийн 1 хаягт байрлах 3,300 м.кв газрыг, 2018 оны зургадугаар сарын 21-нд “Үл хөдлөх хөрөнгө газрын хамт худалдах” 1.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг тус тус байгуулж худалдан авсан. Ийнхүү хоёр өөр үнэтэй хоёр гэрээг тус тус байгуулсан байдаг.

 
Гэрэл зургийг MPA.mn

Манай компанийн зүгээс татвараа үнэн зөвөөр тайлагнаж явдаг. Гэтэл “Нүүдэлчин групп” ХХК-ийн зүгээс НӨАТ-ын болон бусад татвараа бага үнэтэй гэрээгээр төлнө гэснээс болж маргаан үүссэн. “Нүүдэлчин групп” ХХК нь гэрээг цуцлах тухай саналаа манай компанид хүргүүлж, гэрээ цуцлах саналыг хүлээн авч цуцлах талаар яриад хоёр сар болж байна. Ингэж гэрээ цуцлах асуудалд хойрго хандсанаас болж манай компани одоогийн байдлаар 5.1 тэрбум төгрөгийн хохирол  үүсээд зогсохгүй иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцжуулах "Амар Амгалан" II III төслүүд маань үргэлжлэх боломжгүй болоод байна.

“Нүүдэлчин групп” ХХК компани манай 200 орчим харилцагчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр байранд орох нөхцөлийг боогдуулж, эрх ашгийг хохироож байна” гэлээ.

Амар Амгалан II төсөл нь ашиглалтад орох хугацаа нь өнгөрчихсөн тул энэ ондоо багтаад ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 

5.1 тэрбум төгрөгийн авлагаа “Нүүдэлчин групп”-ээс буцаан авч, захиалагчдынхаа мөнгийг буцааж өгнө

"Нарны хүү Сарны охин" ХХК-ийн Хуулийн зөвлөх Р.Батцогт "Газар худалдан авах гэрээ байгуулж үнэ хөлсийг нь төлчихсөн. Гэрээ цуцална гэж ярьснаас хойш бидний явуулсан мэдэгдэлд хариу өгөхгүй, мөнгө буцааж шилжүүлэхгүй таг болчихсон. “Нарны хүү Сарны охин” ХХК болон удирдлагууд орон сууцанд орох хүсэлтэй харилцагчдаа залилаад мөнгийг нь өгөхгүй гэсэн зүйл огт байхгүй.

Гүрсоронз захиралтай хоёр сарын өмнө уулзах үед "адилхан бизнес эрхэлдэг хүмүүс нэгнийхээ нэр хүндийг унагаад яах вэ би өөрөө эрсдэлээ үүрээд явъя" гэж хэлсэн. Шийдэгдчих байх гээд хоёр сар гаруй хугацаа өнгөрч эцэст нь хэвлэлийн бага хурал хийж, олон нийт, захиалагчдаа бодит байдлыг ойлгуулахыг зорьсон юм.

5.1 тэрбум төгрөгийн авлагаа “Нүүдэлчин групп”-ээс буцаан авч, захиалагчдынхаа мөнгийг буцааж өгнө" гэлээ. 

"Нарны хүү Сарны охин" ХХК-ийн удирдлагууд мэдээлэл хийж байх үеэр зээлд хамрагдсан байр захиалагчдаас төлөөллүүд ирж санал бодлоо хэлсэн юм.

Ашиглалтад орчихсон байрандаа орж чадахгүй байна
 
Гэрэл зургийг MPA.mn

“Амар Амгалан I”-ийн захиалагч иргэн Ц.Ариунаа “Бидэнд орлого чинь хүрэлцэхгүй, нөхөр чинь группт байдаг юм байна. Танай гэрээг цуцаллаа гэж албан бичиг ирүүлсэн. Орлого хүрэлцэхгүй байтлаа байр захиална гэж үү.

Орлого хүрэлцэхгүйг нь яаж шалгаж мэдсэн юм. Миний хувьд хоёр жилийн өмнө Амар амгалан I-т орохоор захиалга өгсөн. Барилга ашиглалтад орсон байхад биднийг оруулахгүй байгаа. Би тавдугаар сарын 22-ноос эхлээд Амар Амгалангийн гадна өдөр болгон зогсож миний асуудлыг яасан бэ гэж асуудаг. Гэтэл ажилчид нь ажлаа мэдэхгүй захирал мэднэ гээд хэн ч юм хэлдэггүй. 

Анх айлууд м.кв-ыг нь 1,250,000 төгрөг, 1,450,000 төгрөгөөр захиалсан байхад одоо энэ компани бүх байраа 1,800,000 төгрөгөөр борлуулж, ашиг олох гэж байна. Олон айлуудыг хохироож байна. Саяны ярьсан гоё юмнуудаа бидэнд хүртэл ярьж итгүүлсэн. Би хоёр өрөө байранд орох захиалга өгч 11,165,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь асуугаад шалгаатал манай байрыг зарчихсан байсан.

Гэхдээ би ажилчдынх нь хариуцлагагүй байдлыг ашиглаад нэг өрөө байранд орчихсон байгаа. Намайг хөөж гаргана уу хамаагүй. Хэрвээ миний асуудлыг шийдэж хоёр өрөө байранд маань оруулах эсвэл, мөнгийг минь буцааж өгөхгүй бол би явж чадах газар хүртлээ явна” хэмээн хэлэв.