“Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал О.Сайнбуянгаас цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.
-“Эрдэнэс МГЛ” компанийн бүрэлдэхүүнд ямар компаниудын хувь эзэмшил багтаж байна вэ?
-Манай байгууллага төрийн мэдлийн компаниудын төрийн мэдлийн хувь хэмжээг эзэмших чиг үүрэгтэй. “Эрдэнэс МГЛ” компани “Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 100 хувийн хувыдааг эзэмшиж байна. Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу “Багануур”, “Шивээ овоо” хувьцаат компани, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшихээр болсон. Эдгээр ордыг эзэмшиж байгаа компаниудад хэрэгжих дэд бүтцийн хөтөлбөрүүд авто зам, төмөр зам, усан хангамж, хилийн нэвтрүүлэх боомтын эзэмшлийн зэрэг дэд бүтцийн хөтөлбөрүүдийг “Эрдэнэс МГЛ” компани хэрэгжүүлж байгаа.
-“Мон зэс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хувь хэмжээ, менежмент, удирдлагыг нь хэрхэн төлөвлөж байна вэ?
-Цагаан суварга, Оюутолгой, “Эрдэнэт" үйлдвэрийн хувь хэмжээг нэгтгэсэн “Мон зэс” хувьцаат компанийг байгуулъя гэж байгаа. Түүнийхээ бүрэлдэхүүнд тодорхой төслүүдээ хэрэгжүүлж, боловсруулахын тулд “Эрдэнэт” үйлдвэртээ дагнасан зэс хайлуулах үйлдвэр байгуулж болох юм. Эсвэл Сайншандын . аж үйлдвэрийн парк дээр бүгдийг нь нэгтгэж цогцолбор байдлаар ажиллуулах боломжтой. Цагаан суварга, Оюутолгойн шууд уурхайн үйлдвэрлэл дээр нь тус тусынх нь үйлдвэрлэлийг хэрэгжүүлж болох юм гэсэн хувилбарыг бас гаргаад байна.
-Тэгвэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл ямар төвшинд байна вэ?
“Эрдэнэт” үйлдвэр 530 орчим мянган тонн зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүний төрийн эзэмшлийн хувь хэмжээ болох 51 хувьд нь ногдох 270 мянган тонн баяжмал боловсруулах үйлдвэрийг бид онцгойлон төсөл хэлбэрээр гаргасан юм. Энэ үйлдвэрийг хайлах үйлдвэрийн төвшинд барина гэхээр уламжлалт технологиор Монголд хүхрийн хүчлийг үйлдвэрлэлд ашиглах боломж хараахан нээгдээгүй. АНУ, барууны орнуудад байгальд халгүй технологийн төвшинд зарим баяжмалыг уусган хандлах технологид нэлээд эрчтэй явж байна. Манай “Эрдэнэт”-д энэ аргыг ашиглах боломжтой юм байна гэж үзэж байна. Санхүүжилт, хувь эзэмшил, хэрэгжүүлэхэд яах вэ гэдгээ ярьж байна. Төр менежментийг нь аваад явах уу, үгүй юу гэдгийг ч ярилцаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!