Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн эмэгтэй тамирчны хүйсний маргааныг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Эмэгтэйчүүдийн 800 метрийн зайн гүйлтийн төрлөөр Олимпийн наадмаас хоёр, дэлхийн аваргаас гурван медаль зүүгээд байгаа Өмнөд Африкийн БНУ-ын тамирчин Кастер Семеняг эмэгтэй хүн эсэхэд эргэлздэг хүн олон байдаг.

Өмнө нь хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд түүнд хүйс тогтоолгох шинжилгээнд орох шаардлага тавьж байсан ч үр дүнг нь албан ёсоор зарлаагүй юм. Зарим өрсөлдөгчид нь Семеняг эмэгтэй хүн гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.

Үүнтэй холбоотойгоор Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын нэгнээс эмэгтэй тамирчдад тавих шинэ шалгуур үзүүлэлтийг нэвтрүүлэх гэж байснаа гуравдугаар сарын 26 хүртэл хойшлуулжээ. Кастер Семеня болон Өмнөд Африкийн спортын холбоо шүүхэд хандсан нь үүнд нөлөөлсөн юм.

Шинэ журам ёсоор 400 метрээс 1,600 метр хүртэл зайнд уралдах бүх эмэгтэй тамирчид доод тал нь зургаан сарын өмнө тестостерон дааврын түвшин тогтоох шинжилгээ өгөх ёстой. Хэрвээ энэ дааврын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн байвал эмэгтэй хүнээс илүү хүч чадалтай гэж үзээд тэмцээнд оролцуулахгүй юм.

Семенягийн өмгөөлөгч дээрх журмыг эсэргүүцэж тамирчныг “эргэлзээгүй эмэгтэй хүн” гэж тайлбарлаж байна. Тэрээр Семеняг байгалиас заяасан генетикийн өгөгдлийнхөө төлөө ялгаварлан гадуурхагдах ёсгүй гэж үзэж байгаа гэнэ.

Харин Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны хуульчид Өмнөд Африкийн тамирчныг эмэгтэй хүн мөн боловч “биологийн хувьд эрэгтэй хүн” гэсэн тайлбар хийж байгаа гэнэ.

Уг маргааныг ирэх долоо хоногт Спортын Арбитрийн Шүүх хэлэлцэх юм.

 

Эх сурвалж: BBC