Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргаар сонгогдоод буй С.Мөнхчулууны жилийн орлого 61.2 сая төгрөг

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НИТХ-ын төлөөлөгчдийн 55.8 хувийн саналыг авч, хотын даргаар сонгогдоод буй Нийслэлийн иргэдийн төлөөлөгч С.Мөнхчулууны хөрөнгө орлогын мэдүүлгээс/2017/ хүргэж байна.

С.Мөнхчулуун төлөөлөгчийн жилийн нийт орлого 61.2 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого нь 23 сая төгрөг бөгөөд 12.6 сая төгрөгийн хадгаламжийн үлдэгдэл, 40 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлжээ.

Мөн 15 сая төгрөгийн үнэтэй Toyota Alphard автомашин, хурдан удмын хоёр адуу, 101 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, нийтдээ 400 сая төгрөгийн үнэтэй дөрвөн орон сууцтай.

Тэрбээр "ВИ АА АЙ ПИ ЭС" ХХК-ийн 40 хувийг, "Нарт шүтээн нутаг" болон "Хүсэн дэвжих" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг юм байна. Түүний 100 хувийн эзэмшилтэй компаниуд нь орчуулгын үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохыг Burtgel.mn сайтын нээлттэй өгөгдлийн сангаас харж болохоор байна. Харин "ВИ АА АЙ ПИ ЭС" ХХК-ийн талаар мэдээлэл нээлттэй өгөгдлийн санд алга.

Намтар:

Төрсөн он сар өдөр: 1979.01.28

Төгссөн сургууль: 1997- 2001 Техникийн их сургууль – механик инженер, 2011- 2013 Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр, 2015 оноос Удирдлагын академи – Төрийн удирдлагын доктрант.

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Дээд, магистр, доктрант.

Ажилласан байдал: 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга.

Гавьяа шагнал: Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Нийслэлийн 370, 375 жилийн ойн медаль, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг.

Сонгуульт ажил: 2008-2009 СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, 2016 оноос МАН-ын Бага хурлын гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, 2016 оноос Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, 2016 оноос НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, 2016 НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, 2016 оны 12 сараас 2018 оны 12 сар хүртэл НИТХ дах МАН-ын бүлгийн дарга.

НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналыг авсан С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон.

"НИТХ-ын шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор батламжлах ёстой байдаг учир Ерөнхий сайд 3-7 хоногт багтаан батламжлах эсэх талаар хариугаа өгөх болов уу. Ерөнхий сайд хариугаа өгсний дараа НИТХ-ыг товлоно. Хурлыг 7 хоногийн өмнө товлох ёстой" хэмээн эх сурвалж хэллээ.