Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

​​“ТҮМЭН ШУВУУТ”-ынхан тахианы мах үйлдвэрлэж, хурганы мах экспортлоно

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 15
Сурталчилгаа

“Түмэн шувуут” компани өндөглөгч тахианы аж ахуйгаа хэрхэн өргөжүүлэх гэж байгаа тухай нийтлэлийг манай сонин өчигдрийн дугаартаа онцолсон. Харин энэ удаа махны чиглэлийн тахианы аж ахуй, хурганы аж ахуйн төслүүдийг нь танилцуулах гэж байна.

 

Тус компани IPO хийж, хувьцаагаа арилжаалж олсон мөнгөнийхөө багагүй хувийг энэ хоёр төсөлд зарцуулах юм. Манай улс жилд 10 мянган тонн тахианы мах хэрэглэдэг. Ихэнхийг нь буюу 9000 тонныг нь Орос, Хятад, Америк, Бразилаас импортолдог.

Өнөөхөндөө дотоодын зах зээлд тахианы мах зах нийлүүлдэг хамгийн том үндэсний үйлдвэрлэгч бол “Оргио” махны тахианы аж ахуй эрхэлдэг “Ажигана” компани. Нэг зүйлийг онцолж хэлэхэд “Оргио” дээр “Түмэн шувуут” нэмэгдлээ гэхэд тахианы махны хэрэглээний 20 гаруйхан хувийг хангана. Дотоодын үйлдвэрийн тахианы махыг илүүд үзсэн хэрэглэгчид жил ирэх бүр өссөөр байгаа энэ үед энэ зах зээлд маш том орон зай бийг эндээс харж болно.

Импортын тахианы мах маш олон эргэлзээ дагуулдаг. Хоёр жилийн өмнө гаднаас орж ирсэн тахианы махнаас антибиотикийн үлдэгдэл илэрлээ гэсэн мэдээлэл цацагдаж байсан даа. Импортын тахианы махнаас илэрсэн антибиотикийн дийлэнх нь фторхинолиний бүлгийнх байна, тахианы маханд дор хаяж 5-7 бүлгийн антибиотикийн үлдэгдэл шалгах шинжилгээ хийх ёстой ч манайх хоёрыг нь л илрүүлэх боломжтой гэх мэт мэдээлэл тухайн үед хэвлэлээр хөвөрснийг уншигчид санаж байгаа байх.

Хятад, АНУ хөдөө аж ахуй дахь антибиотикийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг улсууд. АНУ-д борлуулж буй нийт антибиотикийн 80 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт нь шингэдэг гэсэн тоог “Time” сэтгүүл онцолсон удаатай. Хятадын хувьд ч ялгаагүй. Урд хөрш хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, малынхаа шимийг нэмэгдүүлэх зорилгоор жилд 15 мянга гаруй тонн антибиотик хэрэглэдгийг Европын холбоо, АНУ-ын судалгааны байгууллагуудын тайлангаас түвэггүй харчихаж болно. Энэ хэмжээ 2030 онд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн аварга тоо дуулддаг.

Гарал үүсэл нь тодорхойгүй, хэчнээн төрлийн антибиотик агуулсан нь мэдэгдэхгүй, үйлдвэрээс гараад хэр удсаныг, хаана ямар нөхцөлд хадгалсныг нь таах аргагүй импортын махнаас татгалзах хандлага цаашдаа ч хүрээгээ тэлэх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг л тодорхой зүйл. Товчхондоо “Түмэн шувуут” компани зах зээлд тахианы махаа нийлүүлээд эхэлбэл хэрэглэгчид нь бэлэн байгаа. Эдний үйлдвэр нээгдлээ ч тахианы махны зах зээлийн 80 хувь нь импортын тахианд үлдэнэ гэдгийг өмнө онцолсон.

 

Тэгэхээр амжилттай сайн ажиллаад үйлдвэрээ өргөжүүлж тэлэх боломж “Түмэн шувуут”-ынханд бий. Үйлдвэрлэл өсч, ашиг нэмэгдэх хэрээр тухайн компанийн хувьцааны үнэ цэнэ өсдөг нь жамын үзэгдэл. Хувьцааны үнэ өсөх тусам худалдаж авсан хүмүүст очих өгөөж нь ихэсдэг. “Түмэн шувуут” хувьцаагаа энэ сарын 15-наас Хөрөнгийн биржээр арилжаалж эхэлнэ гэж нийтлэлийн эхэнд онцолсон. Арилжаа явагдах үеэр байгаа хэдэн төгрөгөөрөө хувьцааг нь авчихвал хэдэн жилийн дараа мөнгөө хэд дахин өсгөөд авах боломж танд байна.

Эдийн засгийн ямар ч хүндрэлийн үед дампуурдаггүй ганц салбар бол хүнс. Тэр дундаа “Түмэн шувуут” шиг бүтээгдэхүүн нь брэнд болчихсон том компаниудын бизнес унаж уруудах биш, жил ирэх тусам үнэ цэнэ нь өсч, ашиг орлого нь өгссөн графиктай явах нь хэтээсээ тодорхой асуудал.

Хувьцаа худалдаж аваад ашгийг нь хүртэж амьдарна гэдэг биднээс харь юм биш л дээ. Дэлхийн аль ч улсын ямар ч иргэн тоглож болдог зах зээл.

Дэлхийн тэрбумтан Уоррен Баффет 11 настайдаа хотын үйлчилгээний компанийн гурван ширхэг хувьцааг Нью-Йоркийн Хөрөнгийн биржээс худалдаж авсан гэдэг. Хүү кока коланы шил цуглуулж, бохь зарж, сонин түгээж олсон мөнгөөрөө хувьцаа авч байж. Их сургууль төгсөх жилээ 90 мянган ам.доллартай болсон гэж байгаа. Одоо түүнийг дэлхий мэднэ. Энэ эрхмийн 1965 онд найзтайгаа хувьцааг нь худалдаж авч байсан “Berk­shire Hathaway” компанийн нэгж хувьцааны үнэ өнөөдөр 210 мянган ам.доллараар хэмжигдэж байна. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хувьцаа. Мань эр “Миний үүрэг хувьцааны үнэ цэнийг хэдэн зуу дахин өсгөх. Ингэж байж ашиг олдог” гэж хэлсэн удаатай.

Хувьцааны үнэ цэнийг огцом өсгөхийн тулд хугацаа хэрэгтэй гэдгийг нотолсон энэ мэт жишээ дурдвал барагдахгүй.

 

“Түмэн шувуут”-ын “Агро Фийд” тэжээлийн үйлдвэр хотоос холгүй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Махны чиглэлийн тахианы аж ахуйгаа тэжээлийн үйлдвэрийнхээ хажуугийн 10 га газарт байгуулахаар болж. Махны чиглэлийн тахианы гурван байрыг 2019, 2020, 2021 онд барихаар төлөвлөжээ.

Бүр тодруулж хэлбэл махны тахианы Cobb-500 үүлдрийн 20 мянган шувуу суух зургаан байр, чанарын хяналтын лаборатори, хөргүүрийн цех барьж, иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулах юм байна. Энэ төсөлд 3.9 тэрбум төгрөг шаардлагатай. Аж ахуйгаа байгуулчихвал өнөө жилдээ “Түмэн шувуут”-ын гэсэн шошготой тахианы мах худалдаанд гарч эхлэх нь. Энэ жил 279 тонн тахианы мах нийлүүлэх бол ирэх онд 838 тонн, 2021 онд 1117 тонн тахианы мах үйлдвэрлэнэ гэж гүйцэтгэх захирал Ж.Болд онцолж билээ.

Манай улсын тахианы махны зах зээл 16 сая ам.доллараар хэмжигддэг. Төгрөгт шилжүүлбэл 38.4 тэрбум гэсэн аварга тоо гарч байна. Гадагшаа урсах долларынхаа багахан хэсгийг ч гэсэн дотооддоо авч үлдэх ганц арга нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх. “Түмэн шувуут”-ын тахианы махны аж ахуй байгуулах төслийн гол давуу тал нь энэ.

Хажуудаа тэжээлийн үйлдвэртэй учраас шувууныхаа идэх хоолыг авах гэж зардал гаргахгүй, органик тэжээлтэй болохоор сайн чанарын мах зах зээлд нийлүүлнэ.

Түүнчлэн “Түмэн шувуут” өндөглөгч тахианы аж ахуйтай компани. Өндөглөгч болон махны чиглэлийн тахианы аж ахуйн үйл ажиллагаа төстэй учраас махны чиглэлийн аж ахуй эрхлэх туршлага, хүний нөөц ямар ч асуудалгүй гэсэн үг.

Тахианы махны зах зээлд энэ компани шинэ оролцогч биш гэсэн давуу тал бас бий. Нэг ээлжиндээ 8000 өндөглөгч тахиа нядлах хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэртэй тус компани үйлдвэрийн аргаар боловсруулсан тахианы мах зах зээлд нийлүүлдэг. Хэрэглэгчдийн хэлж заншсанаар бол тамирчин тахианы мах.

 

Одоогоор өндөглөгч тахианы махыг ресторан, хоолны газрууд шөл гаргах гэж их хэмжээгээр худалдан авч байна. Бас тамирчид, спортоор хичээллэгсдийн дуртай мах. “Шөл хийхээр амттай сайхан байдаг гээд зорьж ирж авдаг иргэд ч цөөнгүй бий” гэж “Түмэн шувуут”-ын гүйцэтгэх захирал сонирхуулав.

“Түмэн шувуут”-ын дараагийн том бизнес нь хурганы махны экспорт. Хурганы мах бэлтгэх, экспортлох зорилгоор мал бордох цогцолборыг 2020 оноос эхлэн барихаар төлөвлөжээ. Олон улсын стандарт хангасан хөдөө аж ахуйн цогц шийдэл бүхий хурганы аж ахуй 2023 онд бүрэн чадлаараа ажиллаж эхлэх нь.

Эдний хурганы аж ахуй жилд 1860 тонн мах боловсруулна. “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч, хөдөө аж ахуйн ухааны доктор (Phd) Л.Эрхэмбаяр “Мал бордох, мах экспортлох ажлаа 2021 оноос хэрэгжүүлнэ. Увс аймаг мал махны амьдын жин, өсөлтөөрөө хоёрт жагсдаг. Үзэмчин омгийн дараа баяд омгийн хонь ордог. Бид баяд омгийн хонины хургыг хоёр сарын турш бордоод экспортод гаргана. Тэгэхдээ бордсон хурганыхаа махыг 20 хэсэг болгон ангилна. Хурганы махны тухайд амархан шингэдэг, өөх тос багатай, ханаагүй тосны хүчил ихтэй гэсэн онцлогуудтай. Хурга бордох тэжээлээ өөрсдөө тарьж үйлдвэрлэх нь манай компанийн давуу тал. Усалгаатай газар тариаландаа тэжээлийнхээ ургамлыг тарьж, өөрсдөө тэжээл үйлдвэрлэнэ” хэмээн ярьж байна.

 

“Түмэн шувуут”. Ховд аймгийн Зэрэг суманд одоогоос 21 жилийн өмнө ямааны аж ахуй эрхэлж байсан бол 2004 онд Монголд анх удаа үзэмчин омгийн хонийг эрлийзжүүлж, Дорнод аймгийн Халх гол суманд үхэр үржүүлж байсан түүх тэдэнд бий. Фермер хөгжүүлнэ гэж ярьдаг ч өнөөхөндөө тэр гээд онцолчих том төсөлгүй манай улсын хувьд “Түмэн шувуут”-ын мал бордох цогцолбор тод өнгөтэй төсөл болно. Бизнес эрхлэгчид махаа экспортолж доллар олох хүсэлтэй ч дэлхийн стандартын өмнө очоод бүдэрдэг. “Түмэн шувуут”-ын хувьд баяд омгийн хурга бордож, мах экспортлохдоо олон улсын стандартаар ажиллах юм. Мах боловсруулагчдад жишиг, үлгэр болохоор төсөл гэдэг нь IPO-гийн танилцуулгаас тодорхой харагдаж байна.

“Түмэн шувуут”-ын “Хүнс хөдөө аж ахуйн цогц шийдэл” гэсэн малгай доор хэрэгжүүлэх дараагийн төсөл бол усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр. Манай сонин энэ төслийг маргаашийн дугаартаа онцлох болно.

 

Эх сурвалж: Ц.Баасансүрэн Өдрийн сонин

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.