Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"50 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөө $300 саяын валютын нөөцөө алдах уу"

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулган ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар долоон удаа хойшлох зуур нэн яаралтай дэгээр хэлэлцэгдэх байсан хуулийн төслүүд шийдэгдэлгүй он дамнаад байна. Үүний нэг нь 2018 оны арваннэгдүгээр сарын 20-нд өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал. Уг хуулийн төслийг хэлэлцэж, шийдээгүйгээс 2019 оны нэгдүгээр сараас алт олборлогчид 2.5 биш, 10 хүртэл хувийн татвар төлж, алтаа тушаах нөхцөлд хүрээд байгаа юм. 

Алтны татвар хэрэв ийнхүү дөрөв дахин нэмэгдвэл ямар уршигтай, эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар “Голомт” банкны Нөөцийн удирдлагын газрын Ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 


-УИХ хуралдахгүй байгаагаас болоод Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хойшлогдсоноор алтны татвар нэмэгдэх нөхцөл үүссэн. Яг өнөөдрийн байдлаар олборлогчид хэдэн хувийн татвар төлөх болчихоод байгаа талаар тайлбарлахгүй юу?

-Өнөөдрийн байдлаар нэг унци алт 1,280 ам.доллартай тэнцэж байна. Тэгэхээр алт олборлогчид яг одоогоор 9%-ийн татвар төлөх болж байна. Учир нь алтан дээр суурь болон өсөн нэмэгдэх роялти гэсэн хоёр татвар төлдөг. 2014-2018 он дуусах хүртэл роялти 0, суурь татвар 2.5% буюу нийт 2.5%-ийн татвар л авч байсан. Өсөн нэмэгдэх татварыг алтны ханшаас хамаараад 5 хүртэл хувиар тооцдог. Тодруулбал, нэг унци алт 1,200-1,300 ам.доллар байвал 4%, тэрнээс дээш бол 5% байдаг. Тэгэхээр алт олборлогчид дээд тал нь 10% татвар төлөх нөхцөл үүсээд байгаа гэсэн үг.

-Татварыг ингэж нэмэх нь эдийн засагт ямар үр нөлөөтэй вэ? Зарим гишүүн татвар нэмж, төсөвт нэмэр болох талаас нь хараад байх шиг байна. 

-Манай улс алтны хувьд 68%, өсөн нэмэгдэх роялти болон 2.5 гэсэн гурван түвшний татвартай байж ирсэн. Энэ гурван түвшний татварын орчинд алт тушаалт яаж өөрчлөгдөж байсан гэхээр татвар таван хувиас дээш гараад ирэхээр Монголбанканд тушаадаг алтны хэмжээ буурч байсан

График 1. Монголбанканд тушаасан алт (тонноор)

68%-ийн татвар авч байх үед Монголбанкны жилд авсан алт бүр 2.1 тонн хүртэл буурсан байдаг. Тэгэхээр татвар өссөнөөр тушаадаг байсан алтны хамгийн ихдээ 50 орчим хувь нь далд хэлбэрт шилжиж байна гэж тооцоод байгаа. Жишээ нь, 2018 онд төв банк 22 тонн алт худалдан авсан бол 9-10%-ийн татвар ногдоод ирэхээр тал хувь нь далд хэлбэрт шилжиж, байхгүй болно гэсэн санаа. 

Тэгэхээр татварын орлогоо 50 тэрбум төгрөгөөр өсгөх үү, 10 тонн алтаа алдах уу гэдэг хувилбар дээр зогсож байна гэсэн үг. 10 тонн алт гэдэг одоогийн ханшаар 300 орчим сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг гэсэн үг. Тэгвэл 50 тэрбум төгрөгийн татварын орлогын төлөө 300 сая ам.долларын валютын нөөцийг алдах уу? Тэрнийхээ гороор долларын ханшаа цаашаа алдах уу? Эсвэл татвар нэмэх асуудлаа хойш нь тавьж, алтаа ахиухан аваад, алт зарсан валютаараа Монголбанк нь интервенц хийж, ханшаа тогтвортой байлгах уу? Ийм л сонголтон дээр ирчихээд байна.  

-Далд байдал гээд та ярилаа. Хууль бусаар хилээр гаргаж буй алтыг илрүүлэхээр 70 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулна гээд УИХ-аар яриад байгаа. Тэгж чадвал далд байдал арилах уу, та юу гэж бодож байна вэ?

-Ер нь 2.5 хувийн татвар авах хууль 2014 оноос хэрэгжээд үндсэндээ таван жил болсон. Энэ хооронд тэр яриад байгаа зүйлүүдээ хийж байхгүй яасан юм бэ? Хэрэв төр засаг,  бодлого боловсруулагчид юмыг системтэй хараад шийддэг байсан бол татвараа 2014 онд бууруулангуутаа хил гаалиа сайжруулж, тоног төхөөрөмжөө суурилуулж, өнөөдрийг хүртэл бэлтгэл ажлаа тасралтгүй хийх байсан байх. Ингээд нэг грамм ч алт алдахгүй гэдэгтээ итгэл төгс болчихсон байсан бол хамаагүй, өнөөдөр татвараа нэмнэ гэж болно. Гэтэл одоо л дөнгөж тоног төхөөрөмж суурилуулах тухай ярихаар юу болох вэ? Ер нь тэр тоног төхөөрөмж суурилуулна гэчихээд тэрийгээ хэрэгжүүлж чадах ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Төрийн бодлогогүй яваагийн нэг тод илрэл гэж бодож байна.

График 2. Алтны далд арилжаа (тонноор)

Алтны бизнест олон талын хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт уул уурхай, лиценз, нөөц тогтоох, геологийн судалгаа гэх мэт. Хоёрдугаарт, гаргаад ирсэн алтаа аятайхан өндөр үнээр зарах гээд санхүүгийн зах зээл дээр тоглох явдал. Дээрээс нь татвар. Татвараас шалтгаалаад хил гаальд хүрдэг. Энэ бүхнийг цогцоор нь хараад шийддэг тийм л систем хэрэгтэй байна. Түүнээс биш нэг талдаа татвараа бууруулаад зөв үйлдэл хийгээд байхад нөгөө талд өөр чиг үүргийн байгууллага нь ажлаа хийхгүй болохоор эхлүүлсэн бүхэн үр дүнгүй болчихоод байх шиг.   

-Татварыг бууруулсан ч гэсэн хууль бусаар алт гаргах санаархал зогсохгүй байх шиг байна. Таныхаар далд байдлыг бүрэн утгаар нь шийдэхэд яах хэрэгтэй вэ. Бусад улс орны туршлага ямар байдаг юм бол? 

-Тэр талаар би нарийн хэлж мэдэхгүй юм. Мэдээж хил гааль нь орчин үеийн сайн тоног төхөөрөмжтэй болох ёстой байх. Тийм ноцтой гэж үзэж байгаа бол хилээр хууль бусаар алт гаргахыг завдсан хүмүүст тооцох хариуцлага чанга байх ёстой болов уу. 

-Татварыг 2.5%-аас өөрөөр тогтоох боломжтой юу? 

-Үүнээс илүү доошлуулбал үр ашиггүй болох байх. Ер нь 2.5% бол дэлхийн дундажтай харьцуулахад бага тоо. Дунджаар тав орчим хувь байдаг юм билээ. Тэгэхээр манай улсын алт олборлогчид татварын маш таатай орчинд ажиллаж байгаа гэсэн үг. Харин 9-10% болж нэмэгдвэл өмнөх түүх давтагдахвий гэж айж байна. 

-Монголбанк алт худалдан авах байдлаар валютын нөөцөө бүрдүүлж байгаа. Энэ нь хэр зөв аргачлал вэ?

-Нэгэнт манай улс доллар үйлдвэрлэхгүй учраас тэгж л валют оруулж ирэхгүй бол Монголд сул валют маш бага болчихсон. Өөрийн эрх мэдлийн хүрээнд зарцуулах боломжтой валютын гол эх үүсвэрийг алт л бүрдүүлж байна.