Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн Банкнаас гарсан "Шинжиан Шинфа" компанийн 20 тэрбум төгрөгийн зээлийг шалгаж байгаа нь үнэн

Б.Ану
2019 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн Банкнаас гарсан хамгийн том дүнтэй зээлүүдэд "Алтай" группийн 30 тэрбум төгрөг, "Шинжиан Шинфа"-ийн 20 тэрбум төгрөг, "Цагаан Шонхорын" Энхтайваны зургаан тэрбум төгрөг зэрэг томоохон зээлүүд нэрлэгддэг. 

Тэгвэл "Шинжиан Шинфа" компанид олгогдсон 20 тэрбум төгрөгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн зорилгоор гаргасан байж магадгүй гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээлсэн. 

Ямартай ч баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус компанийн 20 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа бөгөөд чанаргүй зээлийн ангилалд шилжиж магадгүй тухай асуудал Төрийн Банк, Төв банкны удирдлагын түвшинд яригдаж, холбогдох бичиг баримтууд үйлдэгдээд байгаа мэдээлэл бий. 

Тэгвэл Төрийн Банкны эх сурвалжууд "Шинжиан Шинфа" нь Сангийн яамнаас ажил гүйцэтгэсэн их хэмжээний авлагатай бөгөөд зээл эргэн төлөгдөөгүй тохиолдолд Сангийн яамнаас мөнгийг нь суутгаад авах бүрэн боломжтой гэсэн утгатай мэдээлэл өгсөн юм. Мөн энэхүү зээлийг зарим хэвлэлээр гарсан шиг нэг өдрийн дотор шийдээгүй, судалгааны ажлууд нь 2-3 сарын хугацаанд хийгдсэн зээл байсан тухай нэмж мэдээлсэн юм. Гэхдээ зарим хэвлэлээр гарсанчлан энэхүү зээлтэй холбогдуулан Төрийн Банк болон тус банкны  Ерөнхий захирал Д.Баярсайханыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа нь үнэн юм байна. 

"Шинжиан Шинфа"-ийн бүртгэлийг burtgel.mn -ээс үзвэл, Си Вай Си Кэй ХХК болон Sun Guangchen гэж хүн эзэмшдэг болох нь зураг 1-ээс харагдана. Си Вай Си Кэй ХХК нь Wu Zhenjun захиралтай ӨМӨЗО-ны компани болох нь зураг 2-оос харагдана. 

Зураг 1,  Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой.

 

Зураг 2, 

 

Ямартай ч Төрийн Банкны 25 хувийг Сангийн Яам, 75 хувийг Хадгаламжийн Даатгалын Корпораци эзэмшиж байна. Тэгэхээр зээл эргэн төлөгдөхгүй болбол тус банк өөрийн хувь эзэмшигчээсээ төлбөрөө нэхэмжлэх шаардлагатай болно. 

Энэ зээлтэй холбогдуулан Төрийн Банкны Ерөнхий захирал Д.Баярсайханыг шалгаж байгаа бөгөөд зарим хэвлэлээр гарсан шиг өрөө, машиныг нь битүүмжилсэн зүйлгүй гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

"Алтай" группийн 30 тэрбумын зээлийн тухайд ч барьцаа хөрөнгө хангалттай, эрсдэл багатай зээл гэж байв. Энэхүү 30 тэрбум төгрөгийн зээл нь Хөгжлийн банкнаас дамжсан ердийн бизнесийн зээлийн хүүтэй харьцуулахад нэн хөнгөлөлттэй буюу найм орчим хувийн хүүтэй зээл юм байна. Харин "Цагаан Шонхор"-ын гэгдэх Энхтайваны зээл мөн л эргэн төлөлт нь удааширч байгаад эргэж төлөгдөж эхэлсэн тухай эх сурвалжууд дурдаж байв. Гэхдээ "Шинжиан Шинфа"-аас бусад өндөр дүнтэй зээлүүдийг Төрийн Банкны өмнөх удирдлагууд гаргаж байжээ.