Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сономдагва: Агаарын бохирдлыг 10 секунд тутамд хэмжиж буй дөрвөн сая дата цугларсан

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 12 сарын 24
Зууны мэдээ
 
Гэрэл зургийг mpa.mn

“Зууны мэдээ” сонин салбар,салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл,санаануудыг  уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУИС-ийн доктор, дэд профессор Ч.Сономдагвыг урилаа.

Боловсрол

  • 2009 онд:  Газарзүй ухааны Доктор
  • 2002-2004 онд: МУИС-ийн БФ-ийн экологийн тэнхимд магистр
  • 1998-2002 онд: МУИС-ийн БФ-ийн экологийн тэнхим, Экологи байгаль хамгаалал

Ажил эрхлэлт

  • 2004 оноос: МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  • Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
16 ТӨРЛИЙН ХОРТОЙ ҮНЭРТ УС ТӨРӨГЧ УЛААНБААТАРЫН АГААРААС ИЛЭРСЭН

-1989 онд Байгаль хамгаалах хууль гарснаас хойш нүүрстөрөгч, азотын давхар ислийг хэд хэдэн газруудад хэмжиж байсан ч  агаарын бохирдлыг яг нарийн хэмжиж эхэлсэн үе бол 2008 он юм. Нийслэлийн агаарын чанарын алба байгуулагдаж хэд хэдэн газарт агаарын чанарын харуул тавьж тогтмол хэмжилт хийж эхэлсэн. Бидний хувьд 2005 оноос Улаанбаатар хотын агаарын бохирдлын судалгааг хийлээ.

Гол эх үүсвэрүүд гэр хороолол, хог хаягдлын цэг, уурын зуух, цахилгаан станц гээд олон газар бий. Тухайн үед бүх янданг тоолж мэдээллийн санд оруулахад гэр хорооллын 120 мянган өрх, 300 орчим нам даралт, уурын зуух бүртгэгдсэн. Тэгээд 2005 онд агаарын бохирдол маш их байна гээд мастер төлөвлөгөө боловсруулж байсан ч одоогийнхтой харьцуулахад бага байж.

Агаарын бохирдолд утаанаас гадна түүнд агуулагдаж байгаа тоосонцор буюу PM 2.5, PM 10 гэсэн бохирдол бий. Одоо бол дэлхий нийтэд агаарын бохирдлын гол үзүүлэлтийг PM 2.5-аар хэмжиж байна. ДЭМБ-ын зөвлөмж 25 микрограмм м.куб байдаг бол манайх зөвшөөрөгдөх хэмжээнээс 130 дахин их гэж саяхан мэдээллээ. Тиймээс хүн амьсгалаараа шүүх боломжгүй, эсэргүүцэх чадвар багатай маш олон төрлийн хорт бодис агуулдаг PM 2.5, PM 10-ыг судлахад анхаарлаа хандуулж байна. Техник технологи хөгжихийн хэрээр овор хэмжээ нь багасаж агаарын бохирдлыг хэмжигч багажийг хүн биедээ зүүгээд явдаг болсон. Японы Нагояа их сургуультай хамтарсан төслийн хүрээнд PM 2.5-ыг суурин байдлаар хэмжихээс гадна хувь хүнд зүүлгэж нэг өдрийн маршрутаар өдрийнх нь амьдралын хэмнэлийг судалж байгаа нь шинэлэг юм. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоод орчинд хэмжилт хийсэн.

PM 2.5 тоосонцор гэдэг утгаараа биед сөрөг нөлөөтэй. Таны уушги, цус руу тоосонцор орж байна. Дэлхийн бусад оронд манайх шиг утаа, нүүрс буюу хүнд хэлбэрийн бохирдол биш учраас  найрлага гэхээс тоосонцрыг судалж байна. Бусад улс орнуудынхаас илүү хортой учраас манайд бол найрлага чухал. PM 2.5-д хүнд элементийн бохирдол маш их байна. Үүн дотор байгаа 16 төрлийн хортой үнэрт ус төрөгч Улаанбаатарын бүх цэгээс илэрсэн.

Каназава их сургуультай хамтраад хотын янз бүрийн цэгүүдээс агаарын тоосонцрыг соруулж аваад найрлагыг нь судалсан. Тухайн улсад нь очоод яаж хэмжилт хийдгийг нь үзсэн. Цагаан өнгийн филтер хийгээд 14 хоногт нэг удаа солиход анализ хийж болох  буюу цагаан өнгө саарал болох хэмжээнд тоосонцор цуглардаг. Гэтэл манайд 24 цаг болоход филтер дүүрээд багаж автоматаар зогссон. 12 цаг соруулахад цагаан филтер тас хар өнгөтэй болсон. Гэхдээ их сургуулийн ажлын өрөөнд хийсэн туршилт шүү дээ. Гадаад орчинд хэмжилтийг 12 цагаар хийж байна. Энэ бол бидний амьсгалж буй агаарт агуулагдаж буй PM 2.5 тоосонцор.

Үнэрт ус төрөгч, тоосонцрын найрлагыг судлаад эхний үр дүнгүүд гарч байна. Үнэрт ус төрөгчийн 32 төрлийн элементийн маш хортой 16 элемент байдаг. Тэд бүгд Улаанбаатарын утаанаас илэрсэн. Энэ 16 элемент бол химийн хүнд үйлдвэр зэрэг янз бүрийн нөхцөлөөс илэрдэг. Гэтэл манайд зөвхөн агаарын бохирдлоос илрэхдээ Азийн бусад орнуудаас 20-30 дахин өндөр агууламжтай байгаа бөгөөд НҮБ-ын хүний эрүүл мэндэд хортой гэсэн жагсаалтад байдаг бодисууд юм. PM 2.5 амьсгалын зам, уушгинаас гадна цусаар дамжиж бусад эд эрхтнийг гэмтээдгийг анагаахын судлаачид хэлдэг.

Найрлага дахь хар тугалга, цайр, никель гээд хүнд элементүүд нь хавдар, удамшлын өвчлөлийг авчрах сөрөг нөлөөтэй. Хүн ойчоод гараа гэмтээчихвэл онош нь тодорхой. Гэтэл агаар, хөрсний бохирдол аажмаар буюу дам нөлөөтэй. Хорт бодис хүний биед хуримтлагдсаар 10-20 жилийн дараа  сөрөг нөлөө нь гарч эхэлдэг. Агаарын бохирдлыг 10 жил яриад нөлөөлөөд эхлэнгүүт шалтгааныг нь олж байна. Одоо илэрч байгаа нь зүгээр л өнгөн хэсэг. Яг гол сөрөг нөлөөлөл 10-20 жилийн дараа илэрч янз бүрийн хүнд хэлбэрийн өвчлөлтэй болох вий гэхээс айж байна.

БОХИРДЛЫН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА УРТсаж, ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛӨХ НӨЛӨӨЛӨЛ НЭМЭГДЭЖ БАЙНА

-2005, 2006 онд нэг, хоёрдугаар сард агаарын бохирдол стандартаас давдаг байсан бол одоо аравдугаар сард агаарын бохирдол стандартаас давдаг болчихлоо. Бохирдлын агууламж 1-1.5 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, 5-10 жилийн өмнө агаарын бохирдол зөвхөн арванхоёр, нэгдүгээр сард их байдаг байсан бол одоо аравдугаар сараас эхлээд дөрвөн сар хүртэл үргэлжилж байна.

Бохирдлын үргэлжлэх хугацаа жилээс жилд уртсахын хэрээр эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл нэмэгдэж байна. Тэр үед агаарын бохирдол стандартаас  2-3 дахин их байсан бол одоо 50-100 дахин их байна. Агаарын бохирдолтой өдрийн тоо, агууламж  нэмэгдэж байна.

Өнгөрсөн арван жилд хөрөнгө оруулалт агаарын бохирдлын хэмжээ хоёр адилхан нэмэгдсэн ч дорвитой буурсангүй. Шалтгаан нь 2005 онд тоолсон яндангийн тоо өнөөдөр хоёр дахин өсөж  110 мянган гэр хороолол өнөөдөр 200 гаруй мянга хол давлаа. Үнэндээ айл өрхийн тоог бүртгээд  байгаа болохоос хүн ам, яндангаа тоолж чадахгүйгээс гэр хороолол тэлж байна.

Утааг бууруулах тодорхой ажил хийгдэж,  ямар нэг хэмжээгээр үр дүн гарч л байгаа. Гэтэл үүний цаана гэр хороолол тэлж, айлууд, яндан нэмэгдэж байна. Хотын төв хэсгээс өндөрт өргөгдсөн Хайлааст , Дэнжийн мянга, Дамбадаржаа, долоон буудлын айлууд салхины дээд талдаа байгаа учраас утаа хотын төв рүү шилжиж орж ирдэг. Энэ бүсэд л айл төвлөрүүлэхгүй байх хэрэгтэй.

Хотын төврүү нөлөөлөхөөргүй байршилд гэр хороолол тэлж болно. Дан ганц  гэр хороолол утаатай биш. Уулын хөндий нам дор газар байгаа учраас бохирдол тэнд тунарч байдаг. Хот төлөвлөлт хийж шинээр гэр хорооллыг хааш нь тэлэх вэ гэдгээ тооцох ёстой. Орон зай, газрын байршлын асуудал хамгийн чухал. Бохирдлын бүсчлэл, бичил уур амьсгалаас болж шилжилт хаашаа хэрхэн хийгдэж байгааг судлах хэрэгтэй. Салхигүй байсан ч агаар байнгын шилжиж, зөөгдөж  байдаг. Энэ тооцоог 2008 онд хийчихсэн.

Тухайлбал, хамгийн эхний ээлжид 32-ын тойрог, Хайлааст, Чингэлтэй рүү орон сууцжуулах бодлогоо  чиглүүлэх хэрэгтэй. Энэ орчмын агаарын бохирдол хамгийн түрүүнд хотын төв рүү орж ирдэг. Баянхошууных нэгдүгээр хороолол руу орж ирдэг. Хүн ам хаана төвлөрч байна. Тийшээ тунарч орж ирж байгаа хэсгийн агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэй. Дараа нь Зурагт, Дамбадаржаа, Дарь эх, Баянхошуу, орон сууцтай залгаа гэр хорооллоос эхэлж болно. 

ӨДРИЙН 13:00-17:00 ЦАГИЙН ХООРОНД БҮХ ЦЭГТ ТООСОНЦОР БАГАСДАГ

-Манай өрөөнд агаарын бохирдлын PM 2.5-ыг тогтмол хэмжиж байна. Эндээс харахад оройн 18:00 цагаас эхлээд агаарын бохирдол стандартаас 10-20 дахин их болдог. Үүрийн 05:00 цагт буурснаа 07:00 цагт дахиад нэмэгддэг. Өдөр 12:00 цагаас эхлээд огцом буурна. Энэ бол салхитай, салхигүй байсан ч өдөр болгоны зүй тогтол. Өдрийн 8200 дата буюу арван секундэд нэг хэмжилт хийж байна.

Гурван жилийг тооцохоор 3-4 цэгийн дөрвөн сая дата бидэнд байна. Жилийн дөрвөн улиралд өдөр бүр хэмжилт хийхэд нэг зүй тогтол ажиглагдсан. Арванхоёрдугаар сарын дундуур ч юм уу маш өндөр бохирдолтой өдөр ч гэсэн өдрийн 13:00-17:00 цагийн хооронд бүх цэгт багасаж стандарт хэмжээ буюу 58 ммекро куб болдог. Агаарын бохирдол маш их байгаа ч 24 цаг үргэлжилдэггүй.Тиймээс иргэд гадаад орчны бохирдлоос хамгаалах хамгийн наад захын арга бол цонхоо хэдийд нээж, хаах вэ гэдэг маш чухал үзүүлэлт.

Хүүхдээ салхилуулахдаа ч гэсэн дээрх цагийн хуваарийг анзаарч, үүнээс бусад цагуудад том хүн, хүүхэд гэлтгүй өндөр шүүлтүүртэй амны хаалт зүүж хэвших хэрэгтэй. Мөн цонхны резиний найдвартай байдал чухал. 100 айлд цонхоо огт онгойлгохгүйгээр айлын гэрт хийсэн судалгаагаар гаднах агаар стандартаас 20-30 дахин их гарч байхад доторх бохирдол огт өсөөгүй. Мөн агаарын бохирдлоос хамгаалах тоосонцор нэвтрүүлэхгүй битүүмжлэл сайтай зүйл бол автомашин байдаг.

Хавар, намар хийсэн судалгаагаар гадаад орчинд бохирдол харьцангуй бага ч дотоод орчных их байсан. Намар халаалт ирэхээр бүгд цонхоо онгойлгохоор гаднах бохирдол орж ирдэг. Уг нь цонхоо онгойлгох биш халаалтаа багасгах хэрэгтэй. Цонхоо онгойлгож байгаад хаачихаар дотоод орчны агаар бохирдчих юм бол маш удаан тогтдог. Тухайлбал, агаарын бохирдол өндөр үед цонхоо онгойлгож байгаад хаачихвал өрөөнд шөнөжин бохирдолтой байна. Учир нь гадаад орчин шиг агаарын сэлгэлт, шилжилт хөдөлгөөн явагддаггүй.

Тоосонцор маш олон төрөл. Маск заримыг нь шүүнэ. Заримыг нь чадахгүй. Гэртээ агаар цэвэршүүлэгч тавиад байна. Гэтэл Япон, Солонгос, Хятадын агаарын бохирдлын судалгаанаас харахад эмэгтэй хүмүүс илүү их өртдөг гэнэ.Учир нь гал тогоонд эмэгтэйчүүд хоол хийдгээс хамаардаг. Тийм нөхцөлд шүүдэг шүүлтүүрийг Монголд оруулж ирээд ямар хэмжээнд шүүх вэ гэдэг асуудалтай. Илүү хүчин чадалтай шүүлтүүр хэрэгтэй.

ГЭР ХОРООЛЛЫГ САЛХИНЫ ДЭЭР, НАМ ДОР, ӨНДӨРЛӨГ ГЭЭД ХААНА ТӨЛӨВЛӨХ ВЭ ГЭДГЭЭ ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Баянхошуунд агаарын бохирдол их байна гэдэг харьцангуй ойлголт. Баянхошууны агаарын бохирдлыг л хэмждэг болсноос биш бусад гэр хороолол болон түүнтэй ойрхон бүх цэгт яг л адил байгаа. Бусад цэгүүдэд хэмжилтийн нэгж байгуулбал адилхан л гарна. Жишээлбэл, өнгөрсөн жил өдийд нэгдүгээр хорооллын арын Тахилт орчмын станцууд дээр хамгийн өндөр бохирдолтой байсан.

Тухайн үед Баянхошуунд агаарын бохирдол нэгдүгээр хорооллоос бага байсан. Бохирдол байнга шилжиж байдаг учраас цагийн хувьд ялгаатай болохоос биш хотын бүх хэсэг бохирдолтой. Нисэх, Яармагт орой, шөнөдөө бохирдол бага хэр нь өглөө ихсэж байна. Хотын дөрвөн цэгээс гадна 10 гаруй станцын мэдээг харьцуулж үзэхэд бохирдол бүх хэсэгт цаг цагаар өөрчлөгдөж байна.

Бодит байдлыг үзэхэд дарга нар Баянхошуу, 100 айл, хотын төвд хуралдсан ч ялгаагүй. Харин аль цагт вэ гэдэг л чухал. Шийдэл гарцаа оновчтой олохгүй байгаагаас биш агаарын бохирдол ямар байгааг мэдэхгүй байгаа хүн Монголд байхгүй.

Агаар давсны ханасан уусмал шиг өтгөрч бохирдсон ч сүүлийн  3-4 жил харьцангуй хэлбэлзэлтэй байгаа нь цаг уурын хүчин зүйлээс шалтгаалж байна. Агаарын бохирдолтой тэмцэхийн тулд эх үүсвэрийг бууруулах нь хамгийн оновчтой шийдэл. Маск зүүж, цонхоо хаагаад хэдэн жил явах юм бэ. Тиймээс гэр хорооллыг тэлэхгүй гэх тэг гортиг гаргах хэрэгтэй. Дан ганц гэр хорооллоос гадна тэнд байгаа эмнэлэг, сургууль, цэцэрлэг, хороо, цагдаа, жижиг үйлдвэрүүд  нам даралтын зуухаар халж байна. Дээр нь уулын аманд байдаг амины орон сууцнууд төвийн шугаманд холбогдоогүй.

Дархан, Эрдэнэт бүр суманд  хийсэн судалгаагаар маш их бохирдолтой гарсан. Энэ бол аргалаа нүүрсээр сольсны “гавьяа”. Тиймээс нүүрсийг юугаар орлуулах, эсвэл халаалтын шийдлийг л олох ёстой. Нүүрсийг хориглочих юм бол оронд юу түлэх юм, хөлдөж үхнэ л гэх юм. Мэдээж гарц байгаа. Харин оновчтой шийдлийг гаргаж хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй.

Гэр хорооллыг хурдан хугацаанд бүгдийг нь орон сууцжуулж чадахгүй. 100 жилийн дараа ч гэр хороолол байсаар л байна. Гурван  сая төгрөгөөр гэртэй болох 30-50 сая төгрөгөөр байрны урьдчилгаа төлөхийн хооронд их зөрүү бий. Амьдралын энэ хэвшил байсаар л байна. Харин гэр хорооллоо салхины дээр, нам дор, өндөрлөг газар гэдэг ч юм уу хаана төлөвлөх вэ гэдгээ л анхнаас нь зөв зохион байгуулах ёстой. 

Хайлаастын эцэст уулан дээр орон сууц бариад халаалт, дулааныг шийдэж чадах уу гэдэг эргэлзээтэй. 100 айлын тэгш газартаа хүргэж чадахгүй байна шүү дээ. Айлууд орон сууцанд орж байна. Гэхдээ тэр айлын үлдээсэн хашаа байшинд дахиад нэг айл орж байна. Орон сууцанд орж байгаа хүмүүс янданг бүр байхгүй болгож, хариуд нь газраа өгөх л үр дүнтэй. Ингэж гэр хорооллоо цөөлөхгүйгээс эсрэгээрээ яндан хоёр дахин нэмэгдэж байна.

Агаарын бохирдлыг бууруулах бас нэг гарц бол мөнх ногоон мод. Гэр хороолол дунд ногоон байгууламж байгуулж, нөхөн сэргээж болно. Агаарын бохирдлыг бууруулахаас илүү эхний ээлжид зогсоох л чухал. Зогссоны дараа буурахаас биш шууд өсөж байгааг юмыг бууруулах боломжгүй.

Зураг