АТГ: Нийслэлийн төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг яллагдагчаар татаж, гурван хүнийг цагдан хорьсон
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Авлигатай тэмцэх газраас нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй талаар АТГ-ын Дэд дарга Г.Азжаргал дараах мэдээллийг өглөө.
Улсын Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны 5-р сарын 19-ний өдөр гурван байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарч шалгалтын ажил явуулж байгаа юм байна.
Үүнээс:
- ₮2.3 их наядын төсөвт өртөг бүхий Туулын хурдны зам төсөл, арга хэмжээний тендер сонгон шалгаруулалт, түүнийг санхүүжилт олгохдоо нийтийн албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй.
- Шинэ тойрог авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв нэртэй ₮16.9 тэрбумын төсөвт өртөгтэй тендер сонгон шалгаруулалт,
- Сэлбэ дэд төвийн орон сууц иж бүрэн цогцолбор хорооллын нийт 7 багц ажил зэрэг
- Нийслэл хотод нийтийн тээврийн 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалтын 4, эрчим хүчний 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11 төсөлд нь санхүүжилт олгогдоогүй, 13 төсөлд нь тодорхой хэмжээний санхүүжилт олгоод буй төслүүд дээр шалгалтын ажил явагдаж байгаа аж.
Нийт шалгалтын явцад төсөл хөтөлбөртэй холбоотойгоор 30 дансны нийт ₮2.6 их наядын дансны зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан. Одоогийн байдлаар 8 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, 3 хүнийг цагдан хориод байгаа юм байна.
Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад зарим мэдээллийг өгөх зөвшөөрөл олгогдоогүй байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

