"Нийслэлд 5-12 жил он дамжин хэрэгжиж буй 230 төсөл, арга хэмжээ байгаа нь анхнаасаа шаардлага хангаагүй төслүүдийг баталж байгаатай холбоотой"
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр шинжээч Хосжаргал, Мөнхбат нарын хийсэн Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, эх үүсвэр, шийдвэр гаргалт ба хэрэгжүүлэлтийн явц хууль тогтоомжид нийцсэн байдлын талаар товч дүгнэлтийг танилцууллаа.
1. Нийслэл 2024, 2025 оны анхны баталсан төслийг жил бүр 4 удаа тодотгол хийхдээ анх ашигтай байсан төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн нь тодотгол хийх хуулийн үндэслэлтэй нийцээгүй
2025 онд анхны баталсан төсвийн алдагдлыг бууруулсан эерэг үзүүлэлттэй харагдаж байна. Гэвч уг бууруулсан зардлыг шинжилж үзэхэд тухайн төсвийн хөрөнгө оруулалтын, төсөл арга хэмжээний тухайн оны төсвөөс санхүүжих дүнг бууруулсан нь Төсвийн тухай хуулийг зөрчсөн байна.
2026 онд тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлсэн нь мөн Төсвийн тухай хуулийн төсвийг алдагдалгүй батлах гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.
2. Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтын ТАХ-ний тоо, төсөвт өртгийг өөрчилсөн
Нийслэлд төсвийн тодотголыг хийхдээ тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын арга хэмжээний тоо, төсөвт өртгийг нэмэгдүүлсэн тухайн онд санхүүжүүлэх дүнг 2024 онд нэмэгдүүлсэн. Энэ нь нийслэлийн төсвийн төсөлд тусгагдаагүй, нийслэлийн дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигтэй нийцээгүй, нийслэлийг тухайн онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй байгаа нь Төсвийн тухай хуульд заасан тухайн жилийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээ нь хөгжлийн бодлогын зорилтуудтай хэрэгжсэн байх гэх заалтуудтай нийцэхгүй байна.
3. Нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад зарлагын өсөлт 34.6 хувьтай, алдагдалтай гарч төсвийн зарчмыг хэрэгжүүлээгүй байна
Нийслэлийн нэгдсэн төсвийн гүйцэтгэл өмнөх оноос орлого 23.7 хувиар, зарлага 34.6 хувиар буюу зарлага нь илүү байгаа нь төсвийн алдагдал өмнөх оноосоо өссөн байна.
Орлогын өсөлтөд нөлөөлсөн татварын орлого нь ААН-ийн орлогын албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон нийслэл хотын албан татварын өсөлт нөлөөлж байна. Мөн хүүгийн орлого нөлөөлсөн байна.
Зарлагын өсөлтөд хөрөнгийн зардал болон урсгал зардал өссөн нь нөлөөлсөн байна.
4. Баталсан төсөвтэй харьцуулахад төсвийн зарлагын гүйцэтгэл дунджаар 77 хувьтай байгаа нь төлөвлөсөн хөтөлбөр арга хэмжээний биелэлт зорилтод түвшиндээ хүрээгүй байна
5. Зардлын өсөлт нь хөрөнгийн зардал болон бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн өсөлттэй шууд хамааралтай байна
6. Нийслэлийн төсвийн зардлын 20 хувийг нийслэл өөрийн Орон нутгийн өмчит ААН-ээрээ дамжуулан зарцуулжээ.
Энэ нь төрөөс хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болох ажил үйлчилгээг өөрийн ААН-ээр дамжуулж байгаа нь төрийн бодлоготой уялдахгүй байна.
2024-2025 онд бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардлын 44.7 буюу 262.8 тэрбум төгрөгийг ОНӨХЭ-ээр дамжуулан зарцуулсан.
2024-2025 онд Бараа үйлчилгээний бусад зардлын 16.3 хувь буюу 76.7 тэрбум төгрөгийг нийслэл, дүүргийн өмчит аж ахуйн нэгжүүдээр дамжуулан зарцуулсан.
7. Хөрөнгө оруулалтын зардал 2016 онтой харьцуулахад 10 дахин өссөн
Хөрөнгө оруулалтын зардал нийт төсвийн зарлагын 53 хувийг эзэлж байгаа бөгөөд төсөл арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна.
8. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр баталсан төсөл, арга хэмжээнд 5-12 жил он дамжин хэрэгжиж байгаа 876.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 230 төсөл арга хэмжээ байна
Энэ нь Төсвийн тухай хуулийн Хөрөнгө оруулалтын арга хэмжээг 3 жилд багтаан санхүүжүүлж дуусгахаар заасантай зөрчилдөж байна. Түүнчлэн олон жил дамжиж байгаа нь тухайн төсөл арга хэмжээний төсвийг нэмэгдүүлэхэд хүргэж байна.
9. 2024 онд хэрэгжилт дутуу 1,669.6 тэрбум төгрөгийн 599 Төсөл, арга хэмжээ байна
Анхнаасаа шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг баталж байгаа нь тухайн жилдээ хэрэгжихгүй, он дамжих нөхцөлийг бүрдүүлж байна. Зураг төсөлгүй, газрын зөвшөөрөл, техник инженерийн зөвшөөрөл нь олгогдоогүй төсөл арга хэмжээг баталж байгаа нь хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байхад нөлөөлж байна.
Эцэст нь нийслэл төсвийн төлөвлөлтөөсөө эхлээд хуульд нийцүүлж ажиллах шаардлагатай байна гэх дүгнэлтийг шинжээч гаргажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

