"Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ зогссон ч эрэгтэйчүүд дүүргийнхээ эмнэлэгт шинжилгээнд хамрагдах боломжтой"
2026 оны зургаадугаар сарын 15-21-ний өдрүүдэд Олон улсын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн 7 хоног тохиодог байна. Энэ хүрээнд "Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал" уриатай 7 хоногийн цахим мэдээлэл сурталчилгааны аяныг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас(НЭМГ) эхлүүлжээ.
Эрүүл гэр бүл, эрүүл нийгмийн үндэс нь эрүүл эрэгтэй хүн юм. Иймд эрчүүд өдөр тутмын завгүй амьдралдаа эрүүл мэндээ хойш тавих бус, өөртөө цаг гаргаж урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах, эрүүл зөв хооллох, тогтмол дасгал хөдөлгөөн хийх, тамхи, архины хэрэглээг бууруулах, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахыг уриалав.
Харин урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар НЭМГ-аас тодруулахад "Эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ зогссон байгаа. Гэхдээ иргэд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт очиж, шаардлагатай үзлэг шинжилгээнд хамрагдаж болно. ЭМД-ын шимтгэл төлсөн бол шинжилгээ өгөхөд үнэ төлбөр авахгүй.
Албан байгууллага, ААН-үүд ажилтнуудаа дүүргийн эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд оруулах боломжтой" гэв.
Тус газраас мэдээлснээр монгол хүний дундаж наслалт 2025 онд улсын хэмжээнд 72.1 болж нэмэгджээ. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 68.2 жил эмэгтэйчүүдийн дундаж наслалт 77.3, байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.1 жил байна.
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны 5 дугаар сарын 1-нд эхлүүлж, 2025 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зохих хүн амын 51.1% буюу 1.7 сая гаруй (1,727,428) иргэнийг хамруулжээ. Үзлэгт хамрагдсан иргэдийн 43.3% нь эрэгтэйчүүд, 56.7% нь эмэгтэйчүүд байна.
Судалгаа:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
