Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэл дэх жендэрийн салбар хорооны үйл ажиллагааны тайланг сонсож байна.
Энэ үеэр Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин "Эрчүүдийн эрүүл мэндийн асуудлыг жендэрийн хороо ихээхэн анхаарч байгаа бөгөөд өнгөрсөн жил судалгаа хийж, нийт 2,660 эрэгтэй хүнээс асуумж авсан.
"Танд 2 сая төгрөг байна, юунд зарцуулах вэ" гэж асуусан. Эрчүүдийн дийлэнх нь гэр бүлийнхээ гишүүдэд зарцуулна гэж байгаа. Хоёрт хүүхдийнхээ дугуйланд, гуравт эхнэртээ өгнө, дөрөвт машинаа засна, тавд хуримтлал үүсгэнэ, зургаад гэр бүлээ аялах, долоод машинаа шинэчлэх, наймд нь эмнэлэгт үзүүлээд цусны шинжилгээ өгнө гэж ярьсан.
Эрчүүд эрүүл мэндээ анхаарах ёстой асуудлын наймд эрэмбэлж байна. Бид эмэгтэйчүүдээсээ 8.1 жилээр бага насалдаг. Эрэгтэй хүмүүс 45 наснаасаа эмнэлгийн хаалга татаж эхэлдэг юм байна. Тиймээс энэ жилээс эрчүүдтэй холбоотой нөлөөллийн ажил эхлүүлнэ.
Сүүлийн таван жилийн хугацаанд эрчүүдийн кабинетыг нээсэн. Улаанбаатар хотын хэмжээнд эрчүүдэд зориулсан 10 эмнэлэгтэй л байлаа. Одоо бол дүүрэг бүр эмнэлэг дээр эрчүүдэд зориулсан кабинет нээж, нийслэлийн хэмжээнд 22 эмнэлэгтэй болсон. Эмнэлгийн байгууллагаас очоод асуухад "эрчүүдийн эмнэлэг нээхээр ашиггүй, үйлчлүүлдэггүй" гэдэг хариулт өгсөн.
Эрчүүд нь хөдөө малаа хараад үлддэг, охидоо хот руу явуулж боловсрол эзэмшүүлдэг тогтолцоогоор 26.7 жил явсан гэх судалгаа бий. Жендэрийн үндэсний хорооноос гаргасан судалгаагаар 2032 он гэхэд энэ алдаа засагдана.
Бидний санаа зовж байгаа нэг асуудал бол 30-аас доош насны эрчүүдийн амиа хорлолт. Амиа хорлолтын тоог олон нийтэд шууд хэлэхэд жаахан тиймэрхүү. Гэхдээ 2026 он гарснаас хойш зөвхөн нэгдүгээр сард гэр бүлийн болон санхүүгийн дарамтаас үүдээд хоёр сайхан залуу амиа хорлосон" хэмээн мэдээлэл өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!