Норвегийн угсаа залгамжлах хунтайжийн дагавар хүү хүчингийн хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсжээ
Норвегийн угсаа залгамжлах хунтайж Хааконы дагавар хүүгийн долоон долоо хоног үргэлжилсэн шүүх хурал Даваа гарагт өндөрлөж, шүүх түүнд хүчин, гэр бүлийн хүчирхийллийн хэргээр дөрвөн жилийн хорих ял оноожээ.
Энэ нь Норвегийн хааны гэр бүлийн нэр хүндийг маш их унагасан хэрэг болж байгаа юм.
Ээж Метте-Марит нь 2001 онд хунтайж Хааконтой гэрлэсний дараа яллагдагч Мариус Борг Хойби тус улсын хааны гэр бүлийн гишүүн болж байжээ.
Осло хотын шүүх өчигдөр түүнийг хоёр удаагийн хүчингийн хэрэгт буруутгасны нэг нь хунтайжийн гэрийн суурийн давхарт болсон юм байна.
Өөр хоёр хүчингийн хэргийг нь шүүх хэрэгсэхгүй болгожээ.
29 настай Хойби зарим хөнгөн ялаа хүлээн зөвшөөрсөн ч хамгийн хүнд ялаа давж заалдах магадлалтай байна. Прокурорууд анх түүнд долоон жил, долоон сарын хорих ял оноохыг шүүхээс хүссэн юм.
Шалгалтын явцад Хойбийн мансуурах дон, бэлгийн харилцааныхаа дүрс бичлэгийг үйлддэг гаж зуршил зэрэг үйлдлүүд илэрч байжээ.
Шүүх хуралд Хойби шоронгоос видео холбоогоор оролцсон бол хүчиндүүлсэн эмэгтэйчүүдийн нэг нь биеэр оролцсон байна.
Хойбийн ээж Метте Марит саяхан бас Америкийн бэлгийн хүчирхийлэгч Жефри Эпштейнтэй харилцаатай байсан нь илэрсний дараа олон нийтээс уучлал гуйсан юм.
Энэ бүхэн нэгэн үе үлгэр жишээд тооцогддог байсан Норвегийн хааны гэр бүлийн нэр хүндийг ихээр унагаад байна.
Хоёрдугаар сарын 21-ний өдөр Norstat байгууллагын нийтэлсэн судалгааны үр дүнд хаант засаглалыг хадгалах хүсэлтэй норвегичуудын эзлэх хэмжээ өмнөх сарын 70 хувиас 60 хувь болж буурсан нь түүхэн доод үзүүлэлт болж байв.
Үүнтэй зэрэгцэн засаглалын өөр хэлбэрийг сонгох хүсэлтэй иргэдийн эзлэх хэмжээ ижил хугацаанд 19 хувиас 27 хувь болон өссөн байна.
Хойбийн ээж Метте-Марит уушгины фиброзын улмаас эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай болоод буй хүнд цаг үед шүүхийн шийдвэр гарч байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
