АНУ-ын B-52 бөмбөгдөгч онгоц Калифорнийн цөлд осолдсоны улмаас найман хүн амиа алдсан гэж үзэж байна
Даваа гарагийн өглөө Калифорни мужийн өмнөд хэсэгт оршдог Мохаве цөлд дэх АНУ-ын агаарын хүчний баазаас B-52 бөмбөгдөгч онгоц хөөрснөөсөө хойш удалгүй осолджээ.
Үүний улмаас нислэгийн багийн найман гишүүн бүгд амь үрэгдсэнд тооцогдож байна.
“Эхний шинж тэмдгүүдээс уг ослын улмаас хүн амьд үлдэх боломжгүй харагдаж байна” гэж Эдвардс Агаарын Хүчний Баазын удирдлага сошиал хуудсаараа мэдээлжээ.
Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажил эхэлснийг бас мэдээлсэн байна.
Агаараас авсан ослын газрын бичлэг онгоцноос бараг бүтэн юм үлдээгүйг харуулж байгаа юм.
Онгоц осолдохдоо ямар нэг зэвсэг тээвэрлэж явсан эсэх нь тодорхойгүй байна.
Ердийн үед таван хүний бүрэлдэхүүнтэй нисдэг Boeing B-52 Stratofortress бол 1955 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн алсын зайн бөмбөгдөгч онгоц юм.
Ердийн болон цөмийн зэвсэг тээвэрлэх зориулалттай энэ онгоц Вьетнамаас эхлээд Ирак хүртэл олон дайнд оролцож байв.
Лос-Анжелес хотоос хойш 161 км зайд оршдог Эдвардс Агаарын Хүчний Бааз нь АНУ-ын байлдааны нисэх онгоцнуудын туршилт, хөгжүүлэлтийг явуулдаг гол байгууламж юм.
Энд 1947 онд туршилтын нисгэгч Чак Ийгер дууны хурдыг давж, Mach 1.05 хурдаар ниссэн дээд амжилтыг тогтоож байжээ.
“Би энэ ослыг нислэгийн удирдлагын системтэй холбоотой гэж бодож байна” гэж Холбооны Нислэгийг Удирдах Газар, Тээврийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд ослын мөрдөгчөөр ажиллаж байсан Жеф Гузетти хэлсэн байна.
Хэдийгээр АНУ-ын агаарын хүчин энэ онгоцыг 70 жил ашиглаж байгаа ч шинэ тоног төхөөрөмж, зэвсэг турших бүр өндөр эрсдэлтэйг тэр онцолжээ.
“Нислэгийн туршилт ердийн нислэгээс үргэлж эрсдэлтэй байдаг тул тусгайлан бэлтгэгдсэн нисгэгч, аюулаас сэргийлэх тусдаа дүрэм журамтай байдаг юм” гэж Гузетти хэлж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
