"Нийслэлийн 16 мега төслийн 48 хувь буюу ₮13.9 их наядыг гадаад зээлээр санхүүжүүлнэ"
"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.
Энэхүү сонсголтой зэрэгцэн Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас "Хөгжлийн 16 төслийн 48 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг гадаад зээлээр, 23 хувь буюу 6.7 их наяд төгрөгийг төр хувийн хэвшлийн түншлэлээр, 19 хувь 5.6 их наяд төгрөгийг улс, нийслэлийн хөрөнгөөр, 9 хувийг үнэт цаас болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Эх үүсвэр шийдвэрлэгдсэн голлох төслүүдийг дурдвал ТЭЦ-5 төсөл 2.4 их наяд төгрөг, Туулын хурдны зам төсөл 2.4 их наяд төгрөг, Сэлбэ орон сууцны хороолол төсөл 2.2 их наяд төгрөг, Улаанбаатар трамвайн хоёрдугаар шугамын төсөл 1.2 их наяд төгрөг, Баянхошуу орон сууцны хороолол төсөл 0.8 их наяд төгрөг, Хүннү, Эмээлт, дүүжин тээврийн төслүүдийн нийт санхүүжилт 0.8 их наяд төгрөг тус тус багтаж байна.
Төслүүдийн явцаас тоймловол ДЦС-5 төслийг эхлүүлж, үнс зөөх ажил үргэлжилж байгаа бол трамвай төслийн ТЭЗҮ 100%, дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалтын явц 72%, Баянхошууны эхний ээлжийн 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн.
Хүннү хотын үерийн хамгаалалтын 1-р сувгийн ажил 75%, цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 30%, "Сэргэлэн" дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95%, "Хүннү" Дэд станцын бүтээн байгуулалтын ажил 86%, 127.4 километр авто замын зураг төсөл, бүтээн байгуулалт 35%-тай байна.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтэц төслийн ТЭЗҮ 100%., 24 МВт дулааны цахилгаан станцын ажлын зураг төсөл 60%, цэвэрлэх байгууламжийн иж бүрэн зураг төсөл 20%-д хүрсэн" гэж мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
