Их Долоогийн урилгаас татгалзсан Путинд АНУ-д уулзах саналыг Зеленский дахин тавьжээ
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд дайныг дуусгах асуудлаар АНУ-д уулзах санал тавьснаа мэдээлжээ.
Тэрбээр энэ саналаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярихдаа тавьсан бөгөөд одоо хариуг нь хүлээж байгаа юм байна.
Путин тав дахь жилдээ үргэлжилж буй дайныг зогсоохын тулд Зеленскийтэй нүүр тулан уулзахаас өмнө нь татгалзаж байсан.
Даваа гарагт Франц улсад эхэлсэн Их Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтаас мөн Путинийг урьсан ч татгалзсан юм байна.
“Өчигдөр (Ням гарагт) бид ийм уулзалтыг АНУ-д зохион байгуулах асуудлыг ерөнхийлөгч Трамптай хэлэлцсэн. Уулзалтын форматыг Путиний хувьд татгалзахад илүү хэцүү байхаар зохион байгуулах болно” гэж Зеленский сошиал хуудсандаа бичжээ.
Тэрбээр цааш нь “Үүний хариуг бид удахгүй харна. Хэрвээ Орос улс энэ боломжоос дахин татгалзвал дарамт шахалтыг нэмэгдүүлэх болно” гэсэн байна.
Путин энэ сарын эхээр энхийн гэрээний төсөл бэлэн болоогүй цагт Зеленскийтэй уулзах “утгагүй” гэж мэдэгдэж байсан юм.
Зеленскийн түүнд илгээсэн нээлттэй захидлын хариу энэ байлаа.
Даваа гарагт Европын Холбооны эрх баригчид Украиныг гишүүнээр элсүүлэх үйл явцыг нэг шатаар ахиулах болсноо зарласан.
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан энэ шатыг хоёр жил орчим гацаагаад байсан бөгөөд дөрөвдүгээр сард тэр сонгуульд ялагдсанаар үргэлжлэх боломжтой болсон юм.
“Бид бүгд энэ өдрийг удаан хүлээсэн тул өнөөдөр бол тэмдэглэх ёстой өдөр юм. Украин улс тулааны талбарт эрч хүчээ авч байгаа бол Европын Холбоонд цэцэглэн хөгжсөн, аюулгүй гишүүн болон нэгдэх зам бас засагдаж байна” гэж Люксембург хот улсад болсон 27 гишүүн орны гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Европын Холбооны өргөжилт хариуцсан комиссар Марта Кос хэлжээ.
Украинтай хамт түүний хөрш Молдов улс бас дараагийн шатны хэлэлцээг эхлүүлэхээр болсон байна.
Гэхдээ байгаль орчин, хөдөө аж ахуйгаас эхлээд хууль зүй, аюулгүй байдал хүртэл бүх салбарыг хамарсан Европын Холбооны 35 стандарт шаардлагыг хангах үйл явц удаан үргэлжлэх юм.
“Энэ бол урт хугацааны үйл явц. Украин дайны байдалд байна. Зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Хэрвээ элсэж чадвал тус улс Европын Холбооны гурав дахь том гишүүн болно” гэж нэрээ нууцалсан Европын дипломатч хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
