Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

УХААЛАГ БОЛОХЫН ТУЛД ЭХЛҮҮЛЭХ ЁСТОЙ 10 АЖИЛ

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

“Улсыг компани шиг удирдаж болохгүй. Улсыг бодлого удирддаг юм”

Ухаалаг утас, ухаалаг төхөөрөмж гээд орчин үед ухаалаггүй зүйл үгүй болжээ. Харин одоо улстөр, төр л ухаалаг болох үлджээ.

Улс орнууд аль хэдийнэ ухаалаг төрийн индекс гэх зүйлээр төрөө хэмждэг болсон байна. 

Харин Монголд ухаалаг төрийн эхний хонхыг Ерөнхийлөгч дуугаргасан. 

Тэрбээр Монгол улсын төр хэрхэн ухаалаг болох зам руугаа орох вэ гэдэг талаар нэг цаг 17 минутийн илтгэлийг өнгөрсөн бямба гаригт төрийн ордонд тавьж түүнийг нь орон даяар цацсан билээ.

Энэхүү том хэмжээний илтгэлийг бид та бүхэндээ 10+10 тоонд буулган хүргэж байна.

Ухаалаг болохын өмнөх  буюу одоо байгаа 10 үзүүлэлт, Монгол улсыг ойролцоо хөгжил, нөхцөл байдалтай 14 улстай харьцуулсан судалгаанаас,

МУУ БАЙГААГАА БИД ХАНГАЛТТАЙ ХАРЛАА, СОНСЛОО. ТЭГВЭЛ ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Энэ бүх муу зүйлсийг засч залруулах ёстой талаар бид ХАНГАЛТТАЙ ярьсан. Харин яг ямар үйлдэл хийх ёстойгоо тэр болгон ярьдаггүй. Түүнийгээ хийж эхэлдэггүй. Тэгвэл шууд ямар ямар хуульд өөрчлөлт оруулж, зарчмын хувьд шинэчлэх ёстой вэ гэдэг дээр Ерөнхийлөгч өөрийн саналаа дэвшүүлсэн юм. 

Түүнийг 10 гол санаанд буулгавал,

1. Лиценз олгодог албан хаагчдыг ажилтай нь хамт хувьд шилжүүлчихье. Шинээр лиценз зөвшөөрөл бий болгохыг хориглоё, лиценз зөвшөөрлийг зөвхөн хуулиар бий болгоё. Дарга бүхэн лиценз бий болгодгийг зогсооё. Лиценз зөвшөөрлийн бүртгэл хийе. Улс орон даяар нийтэд зарлая. Хаана юу байна гэдгээ бүгдээрээ мэдье. Тэгээд лицензийг ялгая, хүчингүй болгоё. УИХ-аас лицензийг нэгдсэн журмаар баталдаг байя.

2. Шинээр төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулахыг хориглоё. Төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжийг УИХ-аас зөвхөн хуулиар байгуулъя. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ТУЗ-ийг төрийн албанаас тусгаарлаж компанийн удирдлагын шилдэг загварыг ашиглая. Нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах хэлбэрийг түлхүү ашиглая. Ашгийн шалгуур тавья. Ашиггүй ажиллаж байгаа бол тэр төрд байгаад ямар ч шаардлага байхгүй. 

Манайд өнөөдөр төрийн өмчит аж ахуйн нэгж 101 байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тоо 47653 гэжээ. Ер нь ухаалаг төр бол аж ахуй эрхлэгч төр биш. 

3. Шилэн дансны тухай хууль гаргая. Одоо хуультай болгоё. Төрийн бүх байгууллага, төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжид хамаарна. Нэг сая төгрөгөөс дээших төсөв, мөнгө хөрөнгийн зарцуулалттай бүх шийдвэр нээлттэй болно. Хугацаа заагаад өгчихнө. 24 цагийн дотор чи шийдвэрээ вэбсайтдаа эсвэл самбартаа тавих ёстой. Тавиагүй бол тэр нь таныг албан тушаалаас чинь өөрчлөх үндэслэл болно гээд заачихъя. 

4. Хувийн хэвшлийн хийж болох хөрөнгө оруулалтыг төсвөөс хийхийг, төр өр тавьж хувь эзэмшихийг зогсооё. Төрөөс зайлшгүй хийх хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталъя. 

Цэцэрлэг баръя гэж байгаа ээжид яг орон сууцны зээлтэй адил 8 хувийн хөнгөлөлттэй зээлээ өгчих. Монголын цэцэрлэгийн асуудал жилийн дотор шийдэгдэнэ.

5. Төсвийн мөнгийг зөвхөн дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулна. Төрийн бараа, үйлчилгээ худалдан авалтын хууль гаргая. Төсвийн мөнгийг зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулна. Эхнээсээ эцсээ хүртэл олон нийтэд энэ үйл явц нээлттэй ил тод байна. 

Бөөний зарчим гэж их чухал юм байгаа. Нэг суманд сургууль засах гэж байгаа бол тэрнийг засах цонх, бусад юмыг одоо гаднаас авахаас өөр аргагүй юм. Нийт аймгийн сургуулийг засах гэж байгаа бол дотооддоо үйлдвэр байгуулах хэрэгтэй. Ингэж дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээс өөр аргагүй.

6. Нэгд хэмжиж болохуйц, хоёрт хүрч болохуйц, гуравт ойлгомжтой энгийн зорилттой болъё. Бидэнд хөгжлийн нэгдсэн зорилго алга байна.  Үүн дээр нэг хууль гаргая. Нэгдсэн зорилттой болъё. Дэлхий нийтэд хамгийн их танигдсан нэгдсэн зорилт ганц байдаг. Тэр нь юу вэ. Мянганы хөгжлийн зорилт. Манай үндэсний хөгжлийн зорилт гээд бид шийдвэр гаргадаг боловч яагаад биелдэггүй юм. Нэг том ном байдаг, учир нь олдохгүй, маш их олон заалттай. НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт хоёрхон хуудас байгаа, 20-иодхон үзүүлэлттэй. Яг монгол тийм юм руу оръё. Арван хэдэн үзүүлэлттэй байж болно. Нэгд хэмжиж болохуйц, хоёрт хүрч болохуйц, гуравт ойлгомжтой энгийн. Ийм зорилттой болъё, үүнийг хуулиар тогтооё. Тэр зорилтоо хэдүүлээ ярилцъя.

7. Монголын хөгжлийн хүрээлэн гэдгийг байгуулъя. Монголын хөгжлийн хүрээлэнгийн бие даасан байдал болон судлаачдад тавих шалгуур, үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж өгье. Одоогийн байгаа орон тоо, төсвийг нэмэхгүйгээр Стратегийн судалгааны төв, Үндэсний хөгжлийн хүрээлэн хоёр дээр суурилаад байгуулчихна. Хүрээлэнгийн зорилго нь улс орны урт хугацааны хөгжлийн талаарх судалгаа хийдэг, дүгнэлт гаргадаг, шийдвэр гаргагчдад бодлогын зөвлөлгөө өгдөг байх. 

Манай шийдвэр гаргадаг хүмүүсийн хамгийн гол дутагдал бол өглөө аль хөл дээрээ босно, сэтгэл хөдлөл, санаанд юу орно, тэр нь шийдвэрт нөлөөлөөд байгаа.

8. Ухаалаг төрд ухаалаг албат хэрэгтэй. Төрийн албанд ажиллагсдыг зөвхөн чадахуйн зарчимд тулгуурлан сонгож томилъё. Болж өгвөл засаг захиргааных нь нэгжид оршин сууж байгаа хүмүүсээс нь тэр шалгалтыг авдаг байя. Төрийн албанд шинээр томилгоо хийхийг хязгаарлая.  

Төрийн нийт албан хаагчдын тоо өнөөдөр 161’612 хүн байна. Дээр нь төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж байгаа 47’653 хүнийг нэмээд иймэрхүү түвшинд бид асуудал ярьж байгаа шүү гэдгийг хэлье.

9. Шийдвэр, түүний бүртгэл, хяналтын тухай хуультай болж байж төрийн ой, санамж бий болно, ингэж байж юм зөв болно. Одоо шийдвэр бүр албажихгүй байна. Их Хурлын гарсан шийдвэр нэг бол гарсан өдрөө, эсвэл хэвлэлд нийтлэгдээд 10 хоногийн дараа хэрэгжинэ гэж ярьдаг шүү дээ. Гэтэл Засгийн газар дээр юм уу, нэг сайд шийдвэр гаргачихсан, түүнийгээ мартчихсан, гурван сар албажуулаагүй байна гэх юм. Нэг бол албажуулахгүй байгаа нь юм хүлээгээд байгаа хэрэг. Юу хүлээгээд байгааг нь та нар бараг гадарлаж байгаа байх. Тиймэрхүү хачин муухай юмыг хэвшүүлж болохгүй. Тийм учраас нэгдсэн бүртгэлд оруулж энэ асуудлыг шийдье гэсэн юм.

10. 24 жилийн утга учиргүй энэ үйл явдлыг зогсооё. Сонгууль бүрийн дараа монголын төрийг самардаг болсон.  Тийм учраас Засгийн газрын бүтцийг нь ухаалаг төрийн зарчимд нийцүүлээд үр ашигтай цомхон чадварлаг бүтэц байхаар хуульчилж өгье. Хуульд 10 жил тогтвортой мөрдөнө гэж бичье. Дээр нь, УИХ-ын нийт гишүүдийн 2/3 нь оролцож байж өөрчилнө гэж бичье. Тэгэхгүй бол сонгууль боллоо, нэг дураараа нөхөр очиж баахан самарч хаядаг, баахан бүтэц өөрчилдөг, баахан бүтэхгүй улсууд хажуудаа авдаг. Өнөөдөр манай төрд ухаалаг хүмүүс орж байна гэж та бүхэн бодож байна уу. Тэр нөхрийн намынх нь хүмүүс, тэр нөхрийн танил хүмүүс, хамгийн ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийн цуглуулга болж хувирсан. Тэднийг бойжуулдаг газар болгож хувирсан.

Ерөнхийлөгч дээрх 10 хуулийн төсөл, саналыг хэрэгжүүлж эхлэхийг санал болгож байна. Харин үүний өмнө УИХ, Засгийн газрын зайлшгүй хийх ёстой хэд хэдэн зарчмын өөрчлөлтүүдийг санал болгосон юм.

Тухайлбал Засгийн газар шатахуунаар өөрийгөө хангадаг болох, төмөр замын бүтээн байгуулалтыг түргэвчлэх зэрэг олон ажлыг яаралтай шийдэж, урагшлах шаардлагатай байгааг онцоллоо.

Ерөнхийлөгчийн илтгэлийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.  Харин видео хэлбэрээр Энэ тухай хэсгээс үзэх боломжтой.