Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тоймыг та бүхэндээ хүргэж байна.
НЭЭЛТ
Монгол түмний Их баяр наадмын нээлт уламжлал ёсоор Төрийн есөн хөлт цагаан тугаа төрийн ордноос Төв Цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолоор эхэллээ.
Энэ жилийн наадмын нээлтэд цэргийн 800 албан хаагч, 250 оюутан, одонтой ээжүүд хүүхдүүдийн хамт, УДЭТ-ийн бүх уран бүтээлч, Үндэсний их театр, Улсын филармони, ДБЭТ, Хилийн цэрэг гээд урлагийн байгууллагууд болон дуучид оролцжээ.
Нээлтийн урлагийн арга хэмжээг эрийн гурван наадмын утга учир, Монгол гэр бүлийн үнэ цэнэ, хуримлах ёс, Монгол хүний аж амьдрал, бахархал зэргийг уран сайхны аргаар илэрхийлэн үзүүллээ.
Наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий продюссерээр Үндэсний урлагийн их театрын захирал, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажилласан юм.
Баяр наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хэлсэн үгэндээ "Үндэстний оршин тогтнолын үндсийн үндэс нь өв соёл, түүх уламжлал бөгөөд түүнийг амьдруулагч, үеэс үед дамжуулан тээгчид нь ард түмэн байдаг. Монгол наадам амьд, сонирхолтой, хосгүй байгаагийн уг шалтгааныг мэргэн ардын минь сэтгэлд бий гэж санадаг. Наадамчин олон та бүхэн монгол соёлоо хадгалж, өвлүүлж, бахархаж, биширч ирсний гавьяагаар МОНГОЛ НААДАМ өнөөдөр олон ардаа баясган, гадны жуулчдыг татсаар байгаа гэдэгт би итгэдэг. Наадамчин олондоо, өв соёлоо олон мянган жил авч яваа ард түмэндээ баярлалаа" гэж байв.
Х.Баттулга нь Ерөнхийлөгч болоод хоёр дахь удаагаа Монгол наадмыг ийнхүү нээж мөн эрийн гурван наадмын нэг сур харвааны асраар зочилж сур харвалаа.
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2018 оны Үндэсний Их баяр наадамд нийт 512 бөх хүч бяраа үзлээ.
Шинээр цол авсан бөхчүүдэд:
Шинэ НАЧИН:
- Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, аймгийн арслан Б.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж,
- Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, аймгийн арслан Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж,
- Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр тав давж,
- Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, аймгийн арслан Ц.Бямба-Очир улсын арслан Э.Оюунболдоор давж,
- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арлсан Д.Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж,
- Хөвсгөл аймгийн Их Уул сумын харьяат, ДЦС-IV-ын бөх, аймгийн арслан Б.Даваа-Очир улсын заан Батмөнхөөр тав давж МОНГОЛ УЛСЫН НАЧИН боллоо.
Шинэ ХАРЦАГА:
- Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар улсын харцага А.Цацабширээр зургаа давж,
- Завхан аймгийн Отгон сумын харьяат, аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын гарьд Н.Ганбаатараар зургаа давж,
- Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн арслан Н.Золбоо шинээр улсын начин болсон Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Д.Цэрэнтогтохоор зургаа давж МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА цолонд хүрлээ.
Шинэ АВАРГА:
Увс аймгийн Ховд сумын уугуул, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь Үндэсний их баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүлэн, УЛСЫН АВАРГА цолонд хүрлээ.
Бөхчүүдийн зарим агшнаас:
Шөвгийн дөрөвт:
Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар шөвгийн дөрөвт үлдсэнээс Ч.Санжаадамба, Н.Батсуурь нар үзүүр түрүү булаалдаж улмаар есийн даваанд Н.Батсуурь ес давж түрүүлсэн юм.
Бөхийн барилдааны дэлгэрэнгүйг
ЭНД дарж үзнэ үү.
СУР ХАРВАА
Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол олголоо.
Эрэгтэйчүүдийн төрөл
- Нэгдүгээр байр, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол /37 оноогоор/
- Хоёрдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумыг уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогбаяр Монгол Улсын "Гарамгай" харваач цолыг биелүүллээ. /35 оноогоор/
- Гуравдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын дэд мастер Н.Алтансүх Монгол Улсын "Гоц" харваач цолны болзлыг хангалаа./ 35 оноогоор/
- Дөрөвдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, "Алдар ЖЕМ" багийн харваач, Монгол Улсын спортын мастер Н. Алтантулга шалгарлаа. /35 оноогоор/
- Тавдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, Мондэ багийн харваач, Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар шалгарлаа. /35 оноогоор/
Эмэгтэйчүүдийн төрөл:
- Нэгдүгээр байр, Увс аймгийн тэс сумын уугуул, "Алдар ЖЕМ" багийн харваач, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа 11 жилийн дараа төрийнхөө их баяр наадамд дахин түрүүлж Монгол Улсын “Даян мэргэн” цолны болзлыг хангалаа. /37 оноогоор/
- Хоёрдугаар байр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Мэргэн зэв багийн харваач, Монгол Улсын мэргэн Г.Батзаяа шалгарлаа./36 оноогоор/
- Гуравдугаар байр, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Мондэ багийн харваач, Монгол Улсын гарамгай харваач Ч. Гандаваа шалгарлаа. /33 оноогоор/
- Дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Хилчин спорт хорооны харваач Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Г.Энхмандах 33 оноогоор шалгарлаа.
- Тавдугаар байр, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Дорноговь аймгийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э. Сайханчимэг шалгарав. /32 оноогоор/
Өнгөрсөн жилээс эхлэн Үндэсний их баяр наадмын эхний гурван байрт шалгарсан харваачдад цол олгодог болж залуу харваачид гуравдугаар байрт шалгарвал Монгол Улсын "Гоц" харваач , хоёрдугаар байрт шалгарвал Монгол Улсын "Гарамгай" харваач цолыг тус тус олгодог болсон билээ.
Энэ жилийн наадмаар Монгол Улсын "Даян мэргэн" цолтон нэг, Монгол Улсын "Мэргэн" цолтон нэг, Монгол Улсын "Гарамгай" харваач цолтон нэг, Монгол Улсын "Гоц" харваач цолтон нэг төрж, мөн долоон харваач Монгол Улсын спортын мастер цолны болзлыг тус тус биелүүллээ.
ХУРДАН МОРЬ
Нас насны морьдын уралдсан дарааллаар айргийн таван морийг танилцуулж байна.
Хязаалан:
- Хязаалан насны морьдын уралдаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд хурдалж наадамчин олноо баясгалаа.
- Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ аман хүзүүдлээ.
- Айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Эрдэнийн хурдан цоохор үрээ,
- Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ,
- Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр үрээ айргийн тавд орж ирэв.
Шүдлэн:
- Тэргүүн магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ,
- Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн халиун үрээ,
- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Гантөмөрийн хул үрээ,
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-ний захирал Д.Очирсүрэнгийн хул үрээ,
- Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ хурдаллаа.
Азарга:
- Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга энэ жилийн наадмын түрүү магнайд хурдаллаа.
- Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын тодманлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга,
- Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын хонгор азарга,
- Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул,Нэргүйн Атарбаярын зээрд азарга,
- Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын алдарт уяач Д.Ганхуягийн хар азарга тус тус орлоо.
Их нас:
- Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,
- Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,
- Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,
- Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Соёолон:
- Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн хүү Билгүүдэйн хонгор халзан үрээ,
- Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар үрээ,
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Доржпүрэвийн Ганхуягийн хээр үрээ,
- Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы хонгор үрээ,
- Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гончигийн Хадхүүгийн хар үрээ давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.
Даага:
- Түрүү магнайд Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн зээрд даага,
- Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд даага,
- Айргийн гуравт Ховд аймгийн Мянгад сумын Батсуурийн Энхбаярын хээр даага,
- Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Батбаярын хээр даага,
- Айргийн тавд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Норовсамбуугийн хурдан буян шандас сорьж, наадамчин олноо баясгалаа.
Үндэсний Их баяр наадмын хүрээнд Сүхбаатарын талбай, Хүй долоо худаг зэрэг газруудад соёл, урлагийн арга хэмжээнүүд үргэлжилсээр байна.
Долоодугаар сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд урлаг, соёлын одод олон нийтдээ хандан урлагийн тоглолт үзүүлж баярын ёслолын буудлага хийв.
Үндэсний Их баярын наадмын багц үйл явдлын бүх мэдээлэлтэй
ЭНД дарж танилцах боломжтой. Холбогдох фото мэдээллийг дараах холбоосуудаар үзнэ үү,
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!