Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Хиймэл оюун ухаанаар хорт хавдартай өвчтөнд хамгийн сайн тохирох эмчилгээг санал болгоно"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар Сонгдо эмнэлэг хорт хавдартай өвчтөнүүдэд хамгийн сайн тохирох эмчилгээ санал болгох хиймэл оюун ухаан буюу Watson IBM Oncology програмыг хэрэглээнд нэвтрүүлжээ.

2015 онд Watson  IBM Oncology програмын анхны хэрэглэгч болж байсан  Bumrungrad эмнэлэгийн мэргэжилтнүүд  тус програмыг хэрхэн ашиглах талаар Улаанбаатар Сонгдо эмнэлэг дээр эхний ээлжийн сургалтыг зохион байгууллаа.

 

Улаанбаатар Сонгдо эмнэлгийн гүйцэтгэх захирал Г.Мөнхтуяа “Анхны компьютерийг үйлдвэрлэгч IBM компани маш олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд 2011 онд Watson гэдэг хиймэл оюун ухааныг бүтээсэн. Уг хиймэл оюун ухаан нь яг хүн шиг ойлгодог. Онигоо ярихад хүртэл ойлгох тийм өндөр түвшний програм. 

Энэ оюун ухаан маань янз бүрийн салбарт үр дүнтэй хөгжиж байгаагийн нэг нь Watson Health юм. Watson Health-ийн нэг салбар гэж хэлж болох Watson IBM Oncology буюу хорт хавдартай өвчтөнүүдийн мэдээллийг оруулаад хамгийн сайн тохирох эмчилгээний аргыг гаргаж өгдөг програмыг Улаанбаатар Сонгдо эмнэлэг ашиглаж эхлээд байна. Эмч нарт бол хажууд нь нэвтэрхий толь ороод ирлээ л гэсэн үг. 

Уг програм нэг минутад хавдрын холбогдолтой 3,500 ном сурах бичиг, 1,000 гаруй клиникийн туршилтын талаар, 100,000 гаруй эрүүл мэндийн холбогдолтой мэдээллүүдийг өөр дээрээ татаж хамгийн боломжит эмчилгээний саналыг эмчид гаргаж өгдөг. Ингэхдээ 35 настай Ази эмэгтэй, 45 настай эрэгтэй хүнд гэсэн ерөнхийлсөн байдлаар биш яг тухайн хүнд буюу Батад, Чимгээд зориулсан эмчилгээг санал болгоно.

Дэвшилтэт технологи, тэгээд дээрээс нь хиймэл оюун ухаан гэдэг утгаараа энэ програм маш өндөр өртөгтэй. Бидний хувьд шууд худалдаж авна, лицензийн төлбөр төлнө гэдэг боломжгүй зүйл. Гэхдээ энэ тал дээр Bumrungrad эмнэлэг нэлээд хөнгөлөлт үзүүлсэн. Ер нь бол зөвхөн Сонгдо эмнэлэг биш манай хавдрын эмч нар энэ системийг ашиглах, манай эмч нартай хамтарч ажиллах боломжийг нээлттэй олгож байгаа. 

Watson IBM Oncology программыг дэлхийн 11 орны 100 гаруй эмнэлэгт хэрэглэж байгаа бөгөөд Bumrungrad эмнэлэг дээр эмч, программ хоёрын санал болгосон эмчилгээг харьцуулж үзэхэд 80 гаруй хувьд нь ижил эмчилгээ санал болгосон үр дүн гарсан. Харин манайд туршилтын хугацаанд хийсэн 60 орчим жишээн дээр үзэхэд 98 хувьд нь эмч, програм хоёр адилхан эмчилгээ санал болгосон байгаа. Тэгэхээр энэ програмыг нэвтрүүлснээр хавдрын эмчилгээнд шинэ эрин авчрах болов уу гэж бодож байна” хэмээн ярилаа.

Хамгийн анх 2015 онд Тайландын Bumrungrad эмнэлэг Watson IBM Oncology програмыг ашиглаж эхэлжээ. 2017 оны эхээр Bumrungrad, Улаанбаатар Сонгдо эмнэлгийн стратегийн түншлэлийн хүрээнд Watson IBM Oncology програмыг туршилтын байдлаар хэрэглэж эхэлсэн байна. Ингээд 2018 оны хоёрдугаар сараас IBM компани програмаа Монгол Улсын ЭМЯ-нд бүртгүүлж, албан ёсоор ашиглаж эхлээд байгаа аж.

 

Bumrungrad эмнэлэгийн Клиникийн мэдээлэл хариуцсан захирал Нан Чен “Bumrubngrad эмнэлэг Улаанбаатар Сонгдо эмнэлгийн 51 хувийг эзэмшдэг стратегийн түнш нь байгаа.  Тиймээс Bumrungrad эмнэлэг дээр хэрэгжиж байгаа технологийн дэвшил бүрийг хамгийн эхний ээлжинд Улаанбаатар Сонгдо эмнэлэг дээр нэвтрүүлэх зорилготой байдаг. 

Манай эмнэлэг хиймэл оюун ухаанаас гадна ДНК-н шинжилгээнүүдийг шинэ арга технологийг хэрэглэж эхэлсэн. Ургийн гажгийг ДНК-н түвшинд тогтоож өгдөг болоод байна. Өмнө нь бол ургийн усыг авч нэлээд хүнд аргаар шинжилдэг байсан бол одоо зөвхөн эхийн судасны цусыг аваад хүүхдэд ямар ургийн гажиг байх боломжтойг ерөнхийд нь гаргаж өгдөг болсон. Хүний генийн түвшинд оношилгоо хийх шинэ систем Bumrungrad эмнэлэг дээр нэвтрээд байгаа” гэв.