Монгол Улсын Засгийн Газраас 2015 оны зургаадугаар сард өргөн мэдүүлсэн "Органик хүнсний тухай” хуулийн төслийг Улсын Их Хурал 2016 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Тус хуулийн зохицуулалт 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Энэ талаар Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Тунгалагаас дараах зүйлийг тодрууллаа.
- Органик хүнсний тухай хуулиар ямар үйл ажиллагааг зохицуулж байна?
- Энэ хуулийн хэрэгжилтээр олон харилцааг зохицуулж байгаа. Гол зохицуулах харилцаа нь зарагдаж байгаа органик гэсэн хаяг шошготой бүтээгдэхүүнүүдийг хянах юм.
Өөрөөр хэлбэл 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн баталгаатай органик хүнсний бүтээгдэхүүнүүд зах зээлд нийлүүлэгдэхээр болоод байна.
Тэгэхээр баталгаажсан органик хүнсийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх асуудлыг зохицуулна гэсэн үг.
Энэ хуулийн ололттой тал нь олон улсад мөрдөгдөж байгаа жишгийн дагуу заалттай.
Үүнээс улбаалан манай улсад үйлдвэрлэсэн, баталгаажуулалтын байгууллагаар баталгаажсан, органик гэсэн шошго тэмдэгтэй бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм.
- Ямар ач холбогдолтой юм бол?
- Гол ач холбогдол бол ердөө хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах юм. Тухайн органик бүтээгдэхүүнд ашиглах бүх нэмэлт бодисын жагсаалт, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах байгалийн бодис, писдицитийг бүгдийг нь заасан байгаа.
Үүнээс илүү зүйл хэрэглэх юм бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын мал, газар тариалангийн бүтээгэдхүүн, хүсний боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн органик биш гэсэн үг.
Хоёрдугаарт, органик хүнсний аюулгүй байдлын шаардлага буюу хүнсний тухай хууль, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн зохицуулалтын шаардлагаас дахин нэг шат ахисан.
- Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө ямар зохицуулалттай байсан бэ?
- Урд нь баталгаатай бус бүтээгдэхүүнүүдийг органик гэсэн хаяг шошготойгоор нийтийн хэрэгцээнд нийлүүлж байсан. Ерөнхийдөө үүнд ямар ч зохицуулалтгүй байсан.
Харин одоо хууль хэрэгжиж, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн нэгж, байгууллагууд бүтээгдэхүүнийхээ шошгон дээр “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн органик гаралтайг тодорхойлох хаяг шошго, тэмдэглэгээг хэрэглэхээр болвол заавал хуулийн дагуу, хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой болж байгаа юм.
Шаардлага хангасан эсэхийг баталгаажуулах тусгай байгууллага ажиллана.
- Шаардлага хангасан эсэхийг баталгаажуулах байгууллагын тухайд?
- Гурван төрлийн баталгаажуулалтын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар хуульд зохицуулсан байгаа.
Энэ нь олон улсад итгэмжлэгдсэн гадаадын баталгаажуулалтын байгууллага, Монгол Улсад итгэмжлэгдсэн Монгол Улсын баталгаажуулалтын байгууллага, оролцооны баталгаажуулалтын байгууллага ажиллаж, бүх үйлдэвлэлд оролцож байгаа этгээдүүд хамтран бүтээгдэхүүнийхээ органик зарчим шаардлагуудыг тодорхойлж, дүрэм журмаа зохион байгуулж, яаманд бүртгүүлээд, итгэмжлэлээ авах маягаар ажиллана.
Тэгэхээр энэ гурван байгууллагаар баталгаажсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч яаманд хүсэлтээ ирүүлээд, үүний дагуу бид органик гэх шошго тэмдэглэгээг ашиглах эрхийг нь олгоно гэсэн үг.
Одоо зах зээлд нийлүүлэгдэж байгаа хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа учраас бүгдийг нь татах авах ажиллагаа хийгдэнэ.
- Олон улсад органик хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэрхэн зохицуулдаг вэ?
- Олон улсын хэмжээнд энэ хуулиар удаан хугацааны турш зохицуулсаар ирсэн. Дэлхийн 90 орчим улсад энэ хуулийн зохицуулалт байдаг.
Манай Монгол Улс ерөнхийдөө сүүл барьж байгаа ч хуулиа гаргачихлаа. Одоо дагалдах дүрэм журмууд гарах болно. Тухайлбал, органик сүүг хэрхэн үйлдвэрлэх ёстой юм зэрэг дүрэм журам, зохицуулалтууд гарах юм.
Бидний бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсан зарчим органикт шилжихэд тодорхой хугацаа шаардагдах юм.
Органик хүнсний үйлдвэрлэл нь хөдөө аж ахуй, хүнсний салбарыг тогтвортой хөгжүүлэх, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн хийг багасгах, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой юм.