Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Ард иргэд, Засгийн газар бүх нийтээрээ агаарын бохирдлын эсрэг ХАМТАРЧ АЖИЛЛАЯ"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Утааны эсрэг Аав Ээжүүдийн Холбооноос Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж, Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэж байна. Энэ талаар Утааны эсрэг Аав Ээжүүдийн Холбооны гишүүн О.Ундрамаас дараах зүйлийг тодрууллаа.


- Жагсаалыг ямар зорилгоор зохион байгуулж байна?

- Манай улс гуравхан сая хүн амтай. Нийслэл хотод маань 1.5 сая хүн амьдарч байна. Жижигхэн хотод амьдарч байгаа бид агаарын бохирдлоос болоод мөхөх гэж байна.

Дэлхийн хөгжингүй улс орнууд бидэнд туслаасай, манай Засгийн газарт туслаасай гэж дэмжлэг хүсэн бид дуу хоолойгоо нэгтгэн жагсаал зохион байгуулахаар болсон.

Бид 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр 12:00 цагаас 14:00 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр жагсаалаа зохион байгуулах болно. Энэ үеэр бид Засгийн газарт шаардлага бичгээ өргөн барих болно.

Жагсаалын хувьд одоогоор биднийг дэмжиж байгаа 5,000 аав ээжүүд байна. Дэлхий нийтэд бид дуу хоолойгоо хүргэхийг хүсч байгаа учраас нэг хүний ч болов гарын үсэг бидэнд маш үнэтэй байна. Тиймээс ард иргэдээ, аав ээжүүдээ идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.

Жагсаалын хамгийн гол зорилго бол “Засгийн газар, одоо бууж өгөөч ээ. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна.

Өнгөрсөн хугацаанд “Цэвэр Агаар” төсөл хэрэгжиж байсан. Үүнийхээ талаар дэлгэрэнгүй тайлбар хийж, хөрөнгө мөнгөний асуудал, хийсэн ажил зэрэг бүгдийг нь ард иргэдэд тайлагна. Ямар нэгэн эрх ашиг битгий хараач” гэдгийг ойлгуулах юм.

Хамгийн гол нь бид буруутгахыг хүсээгүй, тайлангаа тавьчих. Харин түүний дараа ард иргэд, Засгийн газар бүх нийтээрээ агаарын бохирдлын эсрэг хамтарч ажиллая.

Мөн утаагүй зуух, утаагүй түлш гэдэг бол хоцрогдсон арга байна шүү. Бидэнд шинэ зүйл хэрэгтэй байна. Шинэ технологи, шинэ дулааны шийдэл хэрэгтэй байна.

- Засгийн газарт хүргүүлэх шаардлага бичигт юу юу тусгасан байгаа вэ?

- Шаардлага бичигт бид хэд хэдэн зүйлийг дурдсан байгаа. Эхний ээлжинд, шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, өвдөөд хэвтэж байгаа хүүхэд эхчүүд, хөгшчүүдийг эрүүл агаарт сувилалд хэвтүүлэн эмчлүүлэх зэрэг энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авахыг хүсч байна.

Хоёрдугаарт, агаарын бохирдлыг 80% бууруулах шаардлага тавьж байна. Засгийн газар 2030 он гэхэд тодорхой хэмжээгээр бууруулна гэсэн төлөвлөгөө гаргасан байсан. Харамсалтай нь, уучлаарай, 2030 он гэхэд бүхэл бүтэн нэг үе маань уушгины өвчтэй болох гээд байна.

Манай нийслэл хотод агаарын бохирдлыг үүсгээд байгаа хэсэг болох гэр хороололд 200,000 өрх айл амьдарч байна.

200,000-хан айл өрхийн асуудал яригдаж байгаа учраас үнэхээр сэтгэл байвал бид нэг жилийн дотор агаарын бохирдлын асуудлаас бүрэн ангижрах боломжтой.

Дараагийн бидний шаардаж байгаа зүйл бол "Тавдугаар Цахилгаан Станц"-ыг ашиглалтанд оруулах. Үүнийг хэрэгжүүлж чадвал, утаагүй зуух, утаагүй түлш зэрэг олон арван жилийн турш туршиж үзэж байгаа аргуудаас илүү шинэлэг зүйлээр буюу дулаан, цахилгааны боломж бололцоогоор агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэж чадна.

Мөн бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хамгаалуулах эрхтэй. Хамгаалуулах ёстой байтал бид маш их хордож байна. Энэ хохирлоо барагдуулах эрхтэй. 

Тухайлбал, хүүхдүүд маань өвдөөд эм тариа авах, эмнэлгээр явах зэргээр өчнөөн зардал гаргасан байгаа. Тэгэхээр тэр зардлаа бид нэхэмжлэх бүрэн боломжтой. Үүний тулд иргэдийн гарын үсэг хэрэгтэй байна.

Тэгэхээр бидэнтэй нэгдэж, Сүхбаатарын талбайд ирж, жагсаалд өргөнөөр оролцоорой гэж аав ээжүүд, өвөө эмээ нар, ирээдүйд аав ээж болох оюутан залуус, мөн албан байгууллага гээд бүгдэд нь уриалж байна.