Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгааны асуудлыг шийдээгүйгээс "Хангай" хотхоны иргэд байрандаа орж чадалгүй 4 сар болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Хангай” хотхонд түрээсээр оршин суух иргэдийг сугалаагаар тодруулж, гэрээ хийсэн. Анхлан есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад орно хэмээж байсан ч өдийг хүртэл байрандаа орж чадаагүй иргэд Барилга хот байгуулалтын яамныханд хандаж, асуудлыг нэн даруй шийдэж өгөхийг хүслээ. 

Эдгээр иргэн наймдугаар сард барьцаа нэг сая төгрөг болон эхний гурван сарын түрээсийн мөнгө болох 660 мянган төгрөг, нийтдээ 1,660 мянган төгрөгөө гэрээ хийхдээ бүрэн төлжээ. Гэвч удахгүй байранд орох гэсэн тэдний хүлээлт талаар болж, өвлийн хүйтэнд зарим нь зуслангийн байшинд, зарим нь хажуу өрөө түрээсэлж амьдрахаас өөр аргагүй болж байгаад бухимдаж буйгаа “Хангай” хотхонд түрээсээр оршин суух иргэдийн төлөөлөл хэлж байлаа.

Ийнхүү байр ашиглалтад орох хугацаа удааширч, иргэдийг чирэгдүүлсэн нь цахилгааны асуудлыг бүрэн шийдээгүйтэй холбоотой ажээ.
Иргэдийн төлөөллийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болон ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүй нар хүлээн авч уулзсан юм.

 

Уулзалтын эхэнд Хангай хотхонд түрээсээр оршин суух иргэдийн төлөөлөл Б.Батбаатар “Тавдугаар сард түрээсийн орон сууцны сугалаа болсон. Долоодугаар сард гэрээ хийнэ, наймдугаар сард багтаан төлбөрөө тушаа, есдүгээр сарын 1 гэхэд байр ашиглалтад орно гэж албаныхан хэлж байсан. Гэвч өдийг хүрлээ.

Энэ асуудлыг шийдүүлэх гэж их явлаа. Ерөнхийдөө  таваас зургаан байгууллага дунд хариуцах эзэнгүй болсон байна. Өвлийн хүйтэн болчихлоо. Удахгүй байрандаа орно гээд хүлээж байсан хүмүүсийн зарим нь зуслангийн байшин түрээсэлж сууж байна. Энэ бол 12 давхар гурван байшингийн цахилгааны асуудлыг л шийдэхэд болох зүйл. Гэтэл үүнийг шийдэж чадахгүй дөрвөн сар болж байгаа нь харамсалтай” гэсэн юм.

 

Харин БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Асуудлыг бид сайтар ойлгож байгаа. Энэ бол том эрчим хүчний сүлжээ байгуулж, хуваарилах байгууламжид очин, цааш жижиг байшин руу цахилгаан нь хуваарилагддаг нарийн ажиллагаатай зүйл юм. Бид өдөр бүр Эрчим хүчний яамтай холбогдож, хамтран ажиллаж байгаа. Маргааш туршилтын холболт хийгдэнэ.

Асуудал гарахгүй бол та бүхэн ойрын хугацаанд байрандаа орох боломжтой. Төр нэгэнт гэрээ хийгээд шийдсэн асуудлыг өөрчлөхгүй. Гэрээ хийсэн айлууд санаа зоволтгүй байрандаа орно” хэмээв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн Төслийн нэгжийн хяналтын инженер Б.Баттүвшин “Хуваарилах байгууламжийг стандартын дагуу хийсэн боловч Улаанбаатар цахилгаан түгээх станцаас засч сайжруулж өгөөч гэж хүсэлт гаргасан. Үүний дагуу яаман дээр санхүүжилтийг шийдэн, гүйцэтгэгч байгууллага засч сайжруулж, аравдугаар сарын 25 гэхэд угсралтын ажил бүрэн дууссан.

Энэ бол зөвхөн гурван байрны цахилгааны асуудал биш юм. Бүхэл бүтэн хорооллын цахилгааныг цогцоор нь шийдэж байгаа ажил. Одоогоор цахилгаан залгахад бэлэн болсон. Маргааш дөрвөн хуваарилах байгууламж дээр 72 цагийн туршилт хийнэ. Амжилттай болбол дахин хаалттай дэд өртөөн дээр 72 цагийн туршилтад орно. Туршилтууд амжилттай болбол байруудад тог өгнө” гэлээ.

Харин цахилгааны асуудлыг бүрэн шийдээгүй байхад яагаад иргэдтэй гэрээ хийсэн талаар ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүйгээс тодруулахад “Энэ бол өмнөх удирдлагуудын асуудал. Журмаараа бэлэн болсон байранд сугалаа зохион байгуулж, иргэдийг оруулах ёстой” гэв. 

 
Гэрэл зургийг Mpa.mn
 
Гэрэл зургийг Mpa.mn
 
Гэрэл зургийг Mpa.mn