Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гадаадын 13 иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаа боловч хэргийн гаралт буурахгүй, зохион байгуулалттай, далд хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор прокурорын байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалжээ.
Судалгаагаар сүүлийн таван жилд 4,105 гэмт хэрэг бүртгэгдэж, прокуророос 2,333 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Гэмт хэрэг нь газар нутгийн байршил, байгалийн нөөцийн тархалт, цаг хугацааны хувьд харилцан адилгүй улиралд үйлдэгдэж байгааг мэдээллээ.
Шүүхээр шийдвэрлэгдсэн 797 хэргийн улмаас байгаль орчинд 25 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 6.09 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зөвхөн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй, байгаль экологи-амьтан, ургамлын аймагт учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлэн экологи эдийн засгийн үнэлгээг тооцон нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, эд хөрөнгө, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, техник хэрэгсэл болон тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгодог хуулийн зохицуулалттай.
Шүүхээс 12.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд зүйл, хөрөнгө орлогыг хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь иргэд, хуулийн этгээд ашиг олох зорилгоор байгалийн баялгийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах, амьтан, ургамлын экологийн ач холбогдол болон хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдал нөлөөлж байна гэж үзсэн.
Судалгааны үр дүнгээр тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан прокурорын байгууллагаас улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд:
- гэмт хэргийн шийдвэрлэлтийг эрчимжүүлэх,
- учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлүүлэх,
- хэрэг, зөрчил шалгах эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжил арга зүйгээр хангах,
- зөвлөмж, мэдээлэл өгөх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл бичих,
- хэрэг, зөрчилд оногдуулсан албадлагын арга хэмжээний биелэлтийг хангуулах, олон нийтэд зориулсан соён гэгээрүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах талаар УЕПГ-аас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
