Л.Амар: Инфляц 13 хувь хүрчхээд байгаа. Төсвийн тодотгол энэ хэвээр батлагдвал гал дээр тос нэмсэнтэй адил болно

Б.Бадамгарав, IKon.mn
14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Банкны Холбоо(МБХ)-ноос өнөөдөр 2026 оны эхний хагас жилийн тоймоо "Шоконд бэлэн үү" нэртэйгээр танилцуулав.

Тус холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар "Банкны салбар 2026 оны эхний хагаст харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Нийт актив өмнөх онтой харьцуулахад 26 хувиар нэмэгдсэн. Зээл дийлэнхдээ бизнесийн салбарт олгогдсон. Өөрөөр хэлбэл эдийн засаг 7.7 хувь өсөхөд банкны салбар үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. 

Харин өр орлогын харьцааг чангаруулснаар хэрэглээний зээлийн өсөлт харьцангуй хязгаарлагдаж, дахин санхүүжүүлэх боломж хомс болсон. Иргэдийн зээлээ төлөх чадвар муудсан гэж харагдаж байгаа. Цалингийн, тэтгэврийн, картын, автомашины зэрэг зээл чанаргүйдэх нь нэмэгдлээ. Иргэд зээлээ төлөхөд хүндрэлтэй болж байгаа нь өрийн дарамт нэмэгдэх талтай. Албан ёсны зохицуулалттай буюу банкны салбараас гарч, хамгийн өндөр хүүтэй, нөхцөл муу зээлүүдийг хамгийн эмзэг хэсгийнхэн авч байна" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн саяхан өргөн баригдсан 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн талаар тэрбээр "Маш өндөр дүнтэй, өсөлттэй байна. Ялангуяа 2027 оны төсвийн зардлыг 28 хувь өсгөсөн. Инфляцын түвшин одоо 13 хувь хүрчхээд байна. Төсвийн нэмэгдэл, нөлөөг тооцохгүйгээр бодож үзэхэд инфляц оны төгсгөлд 18 хувь хүрэх тооцоолол бий. Төсвийн тодотгол батлагдаад, урсгал зардал нэмэгдвэл гал дээр тос нэмсэнтэй адил болно. Инфляц улам нэмэгдэж, нийт иргэдийн амьжиргаа доройтох эрсдэлтэй. 

Шатахуун, махны үнийн зэрэгцээ геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалсан Монгол Улсад дам нөлөө нь байгаа учир цаашид ч үнэ ханш нэмэгдэх эрсдэл байна. Хэдийгээр төрийн үйлчилгээний албаныхан, тэтгэвэр авдаг гээд тодорхой бүлгийн 200-300 мянган хүнийг инфляцаас хамгаалах зорилготой ч төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдвал хувийн салбарт байгаа 700-800 мянган хүний амьжиргаа улам дордохоор байна. Төсөв дээр маш болгоомжтой хандаж, инфляц хөөргөдөхгүйгээр иргэдийн амьжиргааг яаж дэмжих вэ гэдэгт анхаарах шаардлагатай байна" гэв.