Чарльз хаан Харри, Меган нарыг Их Британид буцаж ирсний дараа статусыг нь баталгаажууллаа
Их Британид буцаж ирсэн хунтайж Харри болон түүний гэргий Меган нарын статусыг Чарльз хаан өчигдөр баталгаажуулжээ.
Хааны нэрийн өмнөөс засгийн газрын албан тушаалтнуудад бичсэн захидалд Харри, Меган нарт 2020 оноос хойш үйлчилж буй статус хэвээр үргэлжлэхийг мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл тэд олон нийтийн өмнө ямар нэг үүрэг хариуцлага хүлээдэггүй хааны гэр бүлийн сул гишүүд хэвээр үлдэхээр болжээ.
Хос хоёрын зохион байгуулсан аливаа буяны ажил тэдний хувийн арга хэмжээнд тооцогдож, аюулгүй байдлаа хангахдаа жирийн хүмүүс шиг харьяа цагдаагийн байгууллагад хандах ёстой гэнэ.
Захидлыг хааны ордны хамгийн өндөр албан тушаалтан болох Лорд Чэмберлэйн хааны нэрийн өмнөөс засгийн газар, зэвсэгт хүчний бүх өндөр албан тушаалтнуудад хандан бичсэн байна.
“Эргэлзээ, төөрөгдлөөс зайлсхийхийн тулд Хаантан энэхүү мэдээллийг хуваалцахыг надад үүрэг болгосон юм” гэж тэр бичжээ.
Харри, Меган нар хааны гэр бүлээс явсны дараа ялангуяа тэдний аюулгүй байдлын асуудал эмзэг сэдэв болж байсан. Их Британийн засгийн газрын төсвөөс санхүүждэг өөрсдийн цагдаагийн хамгаалалтыг сэргээлгэхээр Харри удаан хугацааны турш тэмцэж байсан юм.
Харин одоо хааны гэр бүлд буцаж ирснээр тэдний хамгаалалтыг сэргээх эсэх асуудал нь засгийн газрын дэргэдэх RAVEC (Royal and VIP Executive Committee) нэртэй хорооны мэдэх хэрэг болж байгаа юм байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
