Ассадын дэглэмийн үед эхэлсэн реакторын төсөл дууссан бол Сири улс цөмийн зэвсэгтэй болох байсныг НҮБ тогтоожээ
Сирийн дарангуйлагч Башар аль-Ассадын дэглэмийн үед нууцаар бүтээж, дуусах дөхөөд байсан цөмийн реактор нь цөмийн зэвсэгт ашигладаг материал үйлдвэрлэх боломжтой байсныг НҮБ-ын хяналтын байгууллага өчигдөр зарлажээ.
Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн (IAEA) мэргэжилтнүүд өнгөрсөн сард Дейр эз-Зор болон Сирийн эрх баригчдын зааж өгсөн өөр нэг нууцлаг газарт очиж танилцаад ирсэн юм.
Даваа гарагт Вена хотод сэтгүүлчидтэй уулзахдаа IEAE-ийн тэргүүн Рафаэл Гросси “өмнөх дэглэм хэд хэдэн нууц газарт үйл ажиллагаа явуулж байсан нь илт байна. Тэд өөрсдийнхөө хийж буй зүйлийн талаар дэлхий дахинд мэдэгдэхийг хүсээгүй бололтой” гэж мэдээлжээ.
“Энэ төрлийн реакторын тохиргоо, техникийн онцлогийг харгалзан үзвэл энэ нь цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд шууд ашиглаж болох задардаг материал үйлдвэрлэх бүрэн боломжтой юм” гэж тэр хэлсэн байна.
Ассадын дэглэмийн үед Сирийн зүүн бүсийн Дейр эз-Зор мужид Умард Солонгос улс цөмийн реактор байгуулж өгсөн гэх мэдээлэл байдаг.
2024 оны арванхоёрдугаар сард Ассадын дэглэм унасны дараа Сирийн одоогийн удирдагчид IAEA-ийн мэргэжилтнүүдийг нууц байгууламжуудад нэвтрүүлэхээр тохиролцож байжээ.
Израил улс 11 жилийн өмнө Сирийн нууц байгууламжуудад маш нууц агаарын цохилт явуулснаа 2018 онд хүлээн зөвшөөрч байсан юм.
Уг цохилтоос нэг жил хүрэхгүй хугацааны дараа буюу 2008 онд АНУ-ын албаныхан Сири улс цөмийн реактор нууцаар бүтээж байгааг буруушааж, Израилийн тал үүнийг нь устгасныг анх мэдээлж байжээ.
Шалгалтын үеэр 73 тонн орчим байгалийн ураны металл илрүүлснийг Гросси өчигдөр мэдээлсэн байна.
Эдгээрийг илрүүлэхийн тулд наймдугаар сард очсон мэргэжилтнүүд “зузаан ханыг нурааж, маш нарийхан бөгөөд хэцүү замаар явж хүрсэн” гэж тэр тайлбарлажээ.
“Хамгийн чухал нь одоо эдгээр материалууд аюулгүй газарт байгаа” гэж хэлсэн Гросси дээрх газруудад мэргэжилтнүүд камер байрлуулж, алсаас хянах боломжтой болсныг дуулгасан байна.
Материалууд Сирид үлдэх, эсвэл гадагшаа шилжүүлэх эсэхийг асуухад Гросси “Энэ бол Сирийн засгийн газрын шийдэх асуудал. Бид ямар нэг хүсэлт тавиагүй. Бидний хувьд уг материалуудын сүүлчийн граммыг дуусах хүртэл хаана байгааг мэдэж байх явдал чухал юм” гэж хариулсан байна.
Байгалийн ураны металлыг боловсруулалгүйгээр цөмийн зэвсэг бүтээхэд шууд ашиглах боломжгүй тул аюулгүй гэж мэргэжилтнүүд үздэг.
Харин цөмийн цахилгаан станцуудад ашиглах зорилгоор аюулгүй, найдвартай, баталгаажсан саванд тээвэрлэх боломжтой гэнэ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
