Умард Солонгос, Оросын хооронд баригдсан анхны авто замын гүүр ашиглалтад оржээ
Умард Солонгос, Орос улсууд Даваа гарагт хоёр улсыг холбосон анхны авто замын гүүрээ баяр ёслолын байдалтай нээжээ.
Түмэн голын дээгүүр баригдсан уг гүүрний нээлт хоёр талын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлсэн чухал үйл явдалд тооцогдож байна.
Нээлтийн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин, БНАСАУ-ын ерөнхий сайд Пак Тэ Сон нар видео холбоогоор оролцож, хоёр улсын ажилчид болон албан тушаалтнуудад хандан үг хэлэх үеэр хоёр эгнээтэй нэг километр урт гүүрээр туг далбаа мандуулсан ачааны автомашинууд зорчжээ.
Олон жилийн турш яригдсан энэ гүүрийг 2024 онд Пёнянд хийсэн Путиний айлчлалын үеэр эцэслэн шийдвэрлэж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж байв.
Москва, Пёняны хооронд агаарын болон төмөр замын холболт байдаг ч авто зам огт байгаагүй юм.
1959 оноос хойш хоёр улсын хилээр тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ төмөр замын гүүрэн дээр банз байрлуулан зам засдаг байжээ.
“Хил дамнасан тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх нь худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёлын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд хүчтэй түлхэц болно гэдэгт би итгэлтэй байна” гэж ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин хэлээд хоёр улсын харилцаа “урьд өмнө байгаагүй өндөр түвшинд” хүрснийг онцолсон байна.
Шинэ гүүрийг тэр зөвхөн инженерийн төсөл биш, харин “найрамдлын шинэ бэлгэдэл” гэж тодорхойлжээ.
Өдөрт 300 хүртэл тооны автомашин зорчих боломжтой уг гүүр Владивосток хотоос Санкт-Петербург хүртэл үргэлжилсэн Оросын тээврийн коридорт хялбар нэвтрэх зам болж байгааг Мишустин бас сайшаасан юм.
Эхний шатанд ачааны автомашинууд гүүрээр зорчиж эхлэх бол оны сүүлээр бүрэн ашиглалтад ороход зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах боломжтой болох гэнэ.
Шинэ гүүрийг Солонгосын дайны дараа 1959 онд ашиглалтад оруулсан төмөр замын гүүрний ойролцоо барьжээ.
Шинэ гүүрийг бас Улаан армийн цэрэг Яков Новиченкогийн нэрээр нэрлэсэн байна. Новиченко нь 1946 онд Умард Солонгосын анхны удирдагч Ким Ил Суны амийг аварч, түүн рүү шидсэн гар бөмбөгийг зогсоож байсан гэдэг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
