2020/10/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,852.85₮
B30
УЛААНБААТАР
|
-7°
B30
УЛААНБААТАР
10°
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-3°
10:00
S32
-1°
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S31
19:00
S31
20:00
S31
21:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/10/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утга зохиолын шинэ цуврал

ikon.mn
2016 оны 10 сарын 28
Монсудар
Зураг

“Монсудар” хэвлэлийн газрын зүгээс энэ оны ес, аравдугаар сард “Монсудар – Утга зохиол” цувралынхаа дээж буюу эхний хоёр бүтээлийг уншигч олны гарт хүргэсэн билээ.  Дэлхийн сонгодог болон орчин үеийн утга зохиолын аль алиныг нь багтаасан энэхүү цувралаар жил бүр есөн өөр орны есөн өөр соёлын төлөөлөл болсон бүтээлүүд хэвлэгдэх юм. Минималист хэрнээ өнгөлөг өнгө дизайн бүхий уг цуврал олон улсын утга зохиол, эсээ бичлэгийн сор бүтээлүүдийг олноо таниулах зорилготой аж. 

Ингээд энэ жилийн цувралыг өнөө цагийн монгол уншигч чухам юуны учир унших хэрэгтэйг энд сийрүүлэн бичлээ. 

1. Хайнрих фон Клайст – Михаэль Коолхаас (Герман, 1810): Хэдийгээр Клайст Монгол уншигчдад төдийлөн сайн танигдаагүй ч өөрийн бүтээлүүддээ Германыхаа нийгмийн амьдралыг нарийн уялдаа, хамааралтайгаар тусгасан нэгэн билээ. Түүний шүтэн бишрэгчид дунд алдарт Кафка, Томас Манн нар багтдаг байжээ. Михаэль Коолхаас хэмээх энэ сор бүтээлд, бусдад хууртагдсан агтны худалдаачин Коолхаас тухайн цаг үеийн авилгач улс төрчдийн эсрэг хэрхэн тэмцэж буй тухай өгүүлнэ. Романы явцад Коолхаас хэдий хувьсгалч удирдагч болж тодордог ч түүний хүссэн зүйл энэ биш байлаа. Коолхаас, улс төрийн эрх мэдлийн төлөө биш, харин хүн бүрд эрх тэгш ханддаг шударга хууль ёсны төлөө зүтгэж байжээ. Хоёр зуу гаруй жилийн өмнө хэвлэгдсэн улс төрийн өнгө аястай энэхүү гайхамшигт роман өнөө үед ч уншигчийн сэтгэлийг догдлуулсан хэвээр.

2. Вольтер – Кандид (Франц, 1759): XVIII зууны Франц улсыг Вольтерын үеийн Франц гэж нэрлэдэг. Түүний утга зохиолын сор болсон Кандид хошин романыг “Соён гэгээрлийн үеийн жишээ бүтээл” гэж үзэх нь түгээмэл. Улс төрчид, философичид, лам хуврагуудын үгэнд сохроор итгэхээ больж, хувь заяагаа өөрөө захирах учиртайгаа ухаарах хүртлээ хүн хэр их зовлон шаналал туулах хэрэгтэйг энэ бүтээл голлон авч үзнэ. Марксаас зуун жилийн өмнөх үеийн үзэл суртлыг шүүмжилсэн энэ бүтээл өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй байна.

 

3. Толстой – Крейцерийн сонат (Орос, 1890): Толстойн Иван Ильичийн үхэл туужаас гадна олонд хамгийн их алдаршсан богино хэмжээний бүтээл нь Крейцерийн сонат юм. Энэ тууждаа утга зохиолын мөнхийн сэдэв болох хайр дурлал, гэрлэлт, хардалтын тухай өгүүлжээ. Гэхдээ Толстой байдаг л нэг хайрын түүхийг бичсэнгүй. Тэрээр эдгээр сэдвийг задлан шинжилж нийгмийг сэрээх, өдөөхөд ашигласан байна. Хувь хүний аз жаргал, зовлон гуниг нь нийгмийн нөхцөл байдлаас хамаардаггүй гэж боддог хүн бүр алд дэлэм эндүүрч байгааг энд дурдах нь зүйтэй болов уу.

4. Мо Янь – Өөрчлөлт (Хятад, 2010): Сүүлийн арван жилд Хятад шиг хурдан хөгжсөн улс тун цөөн гэдэгтэй хүмүүс санал нийлэх биз. Гэвч энэ хөгжил өндөр үнээр олдож хувь хүн, нийгэмд ихээхэн хохирол учруулсныг Мо Янийн энэ романд өгүүлжээ. Хятадаас утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны хүн болох Мо Янь энэхүү намтарчилсан тууждаа, соёлын хувьсгалын хөлд хохирч хоцорсон хүүхэд ахуй наснаасаа эхлэн хожим алдартай зохиолч болох хүртэлх хувийн амьдралаа, Хятадын нийгмийн амьдралын өөрчлөлт, хувьсалтай зэрэгцүүлэн хүүрнэсэн байна.

5. Виржиния Вульф – Өөрийн гэсэн өрөө (Англи, 1929): Виржиния Вульф бол XX зууны эхний хагасын хамгийн чухал уран бүтээлчдийн нэг төдийгүй бүх цаг үеийн хамгийн нөлөөтэй эмэгтэй зохиолчдын нэг билээ. Өөрийн гэсэн өрөө эсээндээ Вульф зохиол бичих, оюуны хөдөлмөр эрхлэхэд ямар урьдчилсан нөхцөл шаардлагатай вэ гэсэн асуудлыг улам бүр гүнзгийрүүлэн авч үзжээ. Вульфийн энэ эсээ хожим нь феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцогдож, өнөө үед нийгмийн эрх тэгш байдлын өмгөөллийн гол бичиг болсон юм. Шекспирт яг түүн шиг авьяаслаг эмэгтэй дүү байсан гэж төсөөлбөл энэ бүсгүйд уран бүтээлээ туурвих боломж бололцоо хэр гарах байсан бол? Бичих чадвартай хүмүүс нь ядуу зүдүү учир өдөр тутмын амьжиргаагаа залгуулахад бүх цаг мөчөө зарцуулснаас үүдэн ямар олон агуу бүтээл туурвигдаж, бичигдэлгүй өнгөрч байгаа бол?

6. Сабахаттин Али – Арьсан хүрэмтэй Мадонна (Турк, 1943): Сабахаттин Али бол өнгөрсөн зууны хамгийн агуу турк зохиолчдын нэг билээ. Арьсан хүрэмтэй Мадонна хэмээх хамгийн алдартай романдаа Али, 1920-оод оны Берлиний бүжигчин, зураач жүүд эмэгтэйд амьдралынхаа хамгийн агуу хайр сэтгэлийг зориулсан ч золгүй хувь тавилангийн эрхээр хайрт бүсгүйгээсээ хагацан одож буй залуу турк эрийн тухай өгүүлжээ. Нийгэм, технологийн хөгжлөөс үл хамааран хүн бидний захирч үл чадах хувь тавилангийн учиг хэзээд байдаг билээ. Алигийн роман, хамгийн том хүсэл мөрөөдөл маань биелэхгүй бол бид хэрхэх билээ гэсэн асуудлыг гүнзгийрүүлэн авч хэлэлцсэнээр онцлог юм.

7. Роберто Боланьо – Бяцхан люмпены тууж (Чили, 2003): Роберто Боланьог, Габриель Гарсиа Маркесаас хойш олон улсад хамгийн их алдаршсан зохиолч гэж үзэх нь элбэг. Догшин мөрдөгчид, 2666 хэмээх нүсэр хоёр романаараа нэр хүнд нь түгсэн түүнийг постмодеризмын тэргүүн эгнээний зохиолч гэж үздэг. Боланьогийн богино хэмжээний сод бүтээлүүдийн нэг болох Бяцхан люмпены тууж эцэг эх нь замын ослоор гэнэт нас барсны дараа өнчирч хоцорсон эгч дүү хоёр, томоос том Ром хотод хэрхэн аргаа олж, амьжиргаагаа залгуулж буй тухай өгүүлнэ. Энэ орчин үеийн “төлөвшлийн” романаараа Боланьо, порнограф, биеэ үнэлэлт зэрэг эмзэг сэдвийг зоригтойгоор хөнджээ.

8. Эрнест Хемингуэй – Өвгөн, тэнгис хоёр (Америк, 1952): Эрнест Хемингуэй энэ тууждаа нэг талаас байгаль, хүн хоёрын байнгын тэмцлийг харуулсан бол нөгөөтэйгүүр цөхрөл, итгэл найдварын тухай өгүүлжээ. Америкийн алдартай зохиолчийн амьд ахуйдаа хэвлүүлсэн хамгийн сүүлчийн бүтээл болох энэ туужаас Хемингуэйн алдар нэрд хүрсэн учир шалтгаан тус бүрийг олж харах боломжтой. Минималист хэр нь хүчтэй бичлэгийн хэв маяг, Хемингуэйн зохиолын үлгэр жишээ болсон, хамгийн хэцүү цаг мөчид ч хүн байхын нэр төрөө хадгалж үлддэг гол дүр бүхий энэ бүтээлээрээ зохиолч өмнөх бүх бүтээлээ давж гарчээ. Хемингуэйн аль ч зохиол, бэлгэдлийн утга, олон янзаар тайлбарлаж болохуйц шинж чанараараа энэ туужтэй эн зэрэгцэхгүй. Хемингуэйг 1954 онд Нобелийн шагнал хүртэхэд энэ туужийн нөлөө хамгийн их байсан юм.

9. Нацумэ Сосэки – Бочан (Япон, 1906): Японы утга зохиолыг орчин үежүүлэхэд Нацумэ Сосэкигийн гүйцэтгэсэн үүрэг нь Герман, Английн утга зохиолыг шинэтгэхэд Кафка, Жеймс Жойс нарын тус тус гүйцэтгэсэн үүрэгтэй дүйцнэ. 1906 онд бичигдсэн Бочан хошин роман, өнөөдөр ч гэсэн Японы сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтдаг ажээ. Энэ романд, том хотод багшийн мэргэжлээр суралцсаныхаа дараа хөдөө тосгонд хуваарилагдсан залуу багшийн тухай өгүүлнэ. Тэрээр багшийн ажилдаа төвлөрөхийг хүссэн ч тосгоны сургуулийн багш нарын эрх мэдлийн өрсөлдөөн, эргэн тойрны жигшил зэвүүцлийг няцаан тэмцэхэд хамаг эрч хүчээ зарцуулахаас өөр аргагүйд хүрнэ. Боловсрол гэдэг ердөө мэдлэг түгээхээр хязгаарлагддаггүйг, багш хүн өөрөө ёсзүйн хэм хэмжээнд захирагдахгүй бол түүний заасан мэдлэг ямар ч үнэ цэнгүй болохыг энэ романд харуулжээ.

x