ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

П.Анужин: "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг ТҮР ЗОГСООЖ БАЙНА

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээрээ олонд танигдсан хөтлөгч П.Анужин Монгол Ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

П.Анужин ""Монгол тулгатны 100 эрхэм" эхлээд таван жилд 50 нэвтрүүлэг үзэгчиддээ хүргэсэн байна. Юуны түрүүнд энэ нэвтрүүлэгт оролцож байсан хүмүүстээ баярлалаа.

Нэвтрүүлгийг надтай хамт хөтөлж ирсэн Ардын уран зохиолч, Монголын үгэн урлагийн их мастер Б.Лхагвасүрэн ахдаа гүн талархаж явдгаа илэрхийлмээр байна.

Миний хувьд хөтлөгч Анужин нэрээр танигдсан. Гэхдээ миний эзэмшсэн мэргэжил олон улсын хуульч.

Бидний баг хамт олны бүтээсэн нэвтрүүлэг Монголын ард түмэн төдийгүй, дэлхийгээр тархсан Монголчуудын зүрх сэтгэлд хүрсэн гэдэгтэй олон хүн маргахгүй гэж бодож байна. Энэ оны нэгдүгээр сард "Hero Entertainment" студиэс "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн дүрс алдагдсан. Энэ үеэр "Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж эцсийн дүгнэлт гаргажээ. Энэ мэдэгдэл дээр үндэслэн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа гэдгийг онцлон хэлье.

Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бичлэг алдагдахад гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд энэ асуудал эцэслэн шийдэгдтэл "Монгол Тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг түр хугацаагаар түдгэлзүүлэх гэж байна.

Бид анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүхийг бичих гэгээн зорилготой байсан учраас энэ зорилгыг алдагдуулахгүйн тулд санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна" гэв.

оюуны өмчийн гэрчилгээ
 

"Дүрс бичлэг алдагдсанаас хойш хоёр дугаар гарахад анхны бүрэлдэхүүн ажиллаагүй"

Тэрбээр мэдээлэл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Өмнө хийж байсан нэвтрүүлгүүд телевизүүдээр цацагдах уу?

-Өмнө нь хийж байсан нэвтрүүлгүүд цацагдах байх. Харин шинэ нэвтрүүлэг Монгол Улсын Оюуны өмчийн хуулиар зохицуулагдана. 

-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн бичлэг хийгдсэн үү?

-Бичлэг алдагдсанаас хойш нэвтрүүлгийн анхны бүрэлдэхүүнээр бичлэг хийгдээгүй байгаа. 

-Зохион байгуулалттай хулгай биш байсан гэж та сая хэлсэн үү?

-Том бүлэглэл аваагүй, гадны халдлага өртөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Би өөрөө хууль цагдаагийн байгууллага биш учраас өмнөөс нь хариулах ямар ч боломж байхгүй. 

-Hero Entertainment-ын Б.Баатар та хоёрын хооронд асуудал үүссэн гэж ойлгож болох уу?

-Дүрс бичлэг алдагдсанаас хойш хоёр дугаар гарахад анхны бүрэлдэхүүн ажиллаагүй. Хувийн ямар нэгэн таагүй харилцаа гэж битгий гуйвуулаасай гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын цагдаагийн дүгнэлт шинжилгээнд үндэслэгдсэн хэвлэлийн бага хурал. 

-Цаашид өөр хөтлөгч өөрийн чинь оронд ажиллах боломжгүй гэж ойлгож болох уу?

-Хөтлөгчийн хувьд хатуу тогтсон зүйл байхгүй. Оюуны өмчийн хуулийн дагуу санаачлагчтай зөвшилцөн тохиролцвол, анхны нэвтрүүлгийн гэгээн зорилго гүйцэлдвэл хэн нэгэн сэтгүүлч, шинэ дүр төрх "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг нээлттэй хөтөлж болно гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 

-Та нөхөртэйгээ холбоотой асуудалд ямар байх суурьтай байгаа вэ?

-Ямар хүн эр нөхрөө, алаг үрсийнхээ аавыг шүүмжлээд бичихэв дээ. Тэр бол хэвлэлийнхэний ташаа хүлээн авсан ойлголт байсан. Бусад зүйлийг хууль хяналтынхан шалгаж, үнэн мөнийг нь тогтооно. Миний гэр бүл Монгол Улсын хөгжил цэцэглэлт, оюун санааны ертөнцөд хөрөнгө оруулалт хийхийн төлөө өөрсдийнхөө хүч чадал, оюуны чадамжийг зориулж ирсэн. 

-Та яагаад Hero Entertainment-аас тусдаа мэдээлэл хийж байгаа вэ?

-Би мэдээгүй. Санаатай санаандгүй таарсныг хэлж мэдэхгүй байна. Энэ бол хувь хүн, санаачлагчийн зүгээс хийж буй хэвлэлийн бага хурал.