ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/26-НД НИЙТЛЭГДСЭН

HERO: Олон хүн үйлдсэн энэ хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 4 сарын 26
iKon.MN
Зураг зураг

 "Hero Entertainment" студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ "Монгол ньюс" мэдээллийн төвд ирж хэвлэлийн хурал хийлээ.

Тус студийн захирал Б.Баатар нэгдүгээр сарын 11-нд хэвлэлийн бага хурал зарлаж, "Манай архиваас маш өндөр зохион байгуулалттайгаар бичлэгүүд алдагдсан" хэмээн ярьж байсан билээ.

 "Hero Entertainment" -ийн ерөнхий редактор Б.Батзориг "Бид гол яриагаа ярихаас өмнө өнөөдрийг хүртэл юу болсон талаар танилцуулъя.

2016 оны нэгдүгээр сарын 11-нд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бэлтгэл дүрс олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар цацагдаж эхэлсэн хэрэг гарсан. Бид тэр өдрийн шөнө 03:00 цагийн орчимд цугларч, Оюуны Өмчийн газар болон ЦЕГ-т хандаж, хүсэлт гаргасан.

Үүний дараа нэгдүгээр сарын 13-нд дахин Оюуны Өмчийн газарт "Тодорхой сайтууд хулгайлагдсан бичлэгүүдийг тарааж байгаа учир зогсооно уу" гэж хүсэлт илгээсэн.

Нэгдүгээр сарын 15-нд олон нийтийн сүлжээгээр олон акаунт ашиглан тарааж байгаа учир албаны байгууллага руу нь хандсан. Үүний дагуу манай оюуны өмч мөн гэдгийг нотолсон бичгийг өгнө үү гэж Оюуны Өмчийн газарт хүсэлт илгээсэн.

Энэ бүгдийн эцэст буюу нэгдүгээр сарын 29-нд Оюуны Өмчийн газраас "Танай бичлэг мөн гэдгийг батлах нотолгоо болох бичиг баримт, бичгийг илгээнэ үү" гэж хариулт ирсэн. Тиймээс манай байгууллагаас холбогдох бүх нотлох баримтуудыг өгсөн байгаа.

Эцэст нь Оюуны Өмчийн газар 49 хоног чимээгүй байсны эцэст, "Танай байгууллагаас ирсэн гомдлын дагуу хэрэгжилтийг хянан үзээд дүгнэлт гаргаж байна. Хулгайд алдагдсан гэсэн дүрс бичлэгийг оюуны бүтээл, Hero Entertainment-ын бүтээл гэж тогтоох боломжгүй байна" гэсэн дүгнэлт гаргасан.

Мэдээж нэгдүгээр сарын 11-нд ЦЕГ-т "Монгол Улсын хуулийг зөрчиж байгаа хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хэн үйлдэж байгааг олж өгнө үү" гэж хүсэлт өгсөн. Эрүүгийн хуулинд зааснаар аливаа хэргийг хаах болон холбогдох мэдээллүүдийг хохирогч хэмээх Б.Баатарт мэдээлэх ёстой гэж заасан байдаг.

Гэвч энэ сарын 22-нд news.mn сайт дээр "тус хэргийг прокурорын байгууллага хаасан" гэсэн мэдээ цацагдсан. Ингээд бид ЦЕГ болон Прокурорын байгууллагаас энэ талаар лавлаж асуухад, бид ямар ч мэдээлэл тараагаагүй гэсэн хариулт өгсөн.

Харин news.mn сайтаас асуухад Прокурорын газраас мэдээлэл авсан гэж хэлсэн. Гэхдээ нотлох баримт гаргаж өгөөгүй. Энэ сайт хаанаас энэ хэргийн талаар мэдсэн бэ? Хэн гишүүний мэдэлд байдаг вэ? Ямар шугамаар мэдээллүүдийг авч, хэргийн талаар бичсэн бэ? гэдгийг мэдмээр байна.

Бид холбогдох газарт нь өгч, энэ сайтыг шалгуулах болно.

Иймэрхүү хэн нэгний хийгээд байгаа зүйлийг ЦЕГ баримттай нь буюу хэн ямар аккаунтаар хэзээ хаанаас орж, бичлэг хийж, тараасан гэдгийг мэдсээр байж, яагаад эзнийг олсонгүй вэ? гэдэг нь сонин байна.

Тухайлбал, нэгдүгээр сарын 11-ны өдөр 12:00 цагийн орчим фэйсбүүк аккаунт нээгээд, тус өдрийнхөө 20:00-21:00 цагийн хооронд Youtube сувагт бичлэгээ хуулж, улмаар сошиалаар тараасан. Youtube өөрөө зохиогчийн эрхийг дээдэлдэг сайт учир, бид тус өдрийн шөнийн 03:00 цагийн орчимд бичлэгийг устгуулах хүсэлт гаргаж, устгуулсан. Нэгдүгээр сарын 12-ны өдөр хувийн гэсэн ангиллыг сонгож, фэйсбүүк аккаунт нээж бичлэг тараасан. Фэйсбүүкийн хувьд долоо хоногийн дараа бичлэгийг устгах үгүйг шийддэг журамтай юм билээ.

Өнөөдрийн байдлаар бидэнд албан ёсны мэдээлэл хаанаас ч ирээгүй. Бид энэ сарын 22-нд БГД-ын прокурорын тамгын газрын даргатай албан ёсоор уулзахад, ямар ч тодорхой албан бичиг алга. Ирэх долоо хоногт гардуулна гэсэн.

Ингээд үзэхэд, бичлэгийг нийлж тараасан, монтажилсан хүмүүсийг олохын тулд дахин холбогдох хүмүүст хандах болно. Тус нэвтрүүлгийг гаргахгүй байх хэн нэгний хүсэл, хамт олныг хагалан бутруулах хүсэлтэй хүмүүс л энэ гэмт хэргийг үйлдэж байна. Бид хэзээ ч үнэн бодит байдлыг нууж хаалгүй бэлтгэж хүргэдэг. 

Тийээс энэ асуудалтай холбоотойгоор баримтат кино хийх болно. Тиймээс тус хэргийн талаарх мэдээллийг худалдаж авна. Бидэнтэй холбогдоорой" гэв.

 


Хурлын дараа Амараагийн бичлэгийг танайх хийсэн үү? гэсэн сэтгүүлчдийн асуултад "Hero Entertainment" -ийн графикч Ц.Мөнх-очир хэлэхдээ "Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. Энэ асуудал ямар Х.Баттулга гишүүнтэй холбоогүй. Б.Баттулга гишүүн бол манай нэвтрүүлгийн хөтлөгч гэж явдаг. Түүний үүрэг даалгавраар хийгээгүй. Бид өөрсдийн гэсэн үзэл бодолтой хүмүүс шүү. Тиймээс МАН-тай гэрээ хийж, мөнгө хөлсөө тохиролцоод тэр рекламыг хийсэн байгаа. Амраагийн бичлэгт гарч буй зүйлс нь бодит байдлыг хэлж байгаа учраас дэмжиж, рекламыг хийсэн" гэсэн хариулт өглөө.

Цаашид "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг "Дэлхийн Монголчууд" гэсэн нэрээр цацагдах болно

Мөн П.Анужин "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийг түр зогсоож байгаа гэсэн мэдэгдлийн хариуд "Тус нэвтрүүлгийн зохиогчийн эрх нь П.Анужин болон Б.Баатарт байдаг. Гэхдээ хэн нэгний уран бүтээлчийн шийдвэрээр болих асуудал биш. Мөн Монголчуудын оюуны өмч, оюуны бүтээлээс гадна олон хүний хүч хөдөлмөр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тиймээс хэн нэгэн хүн өөрийн хүслээр нэвтрүүлгийг зогсоох эрх байхгүй. Одоогийн байдлаар 10 гаруй эрхмүүдийг бичсэн. Тус нэвтрүүлгүүдээ гүйцээж цацах болно.

Бид "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг маань дараагийн шатанд шилжүүлж, цагаан сараас эхлэн "Дэлхийн Монголчууд" гэсэн цуврал нэвтрүүлгийг цацаж эхэлсэн. Цаашид "Дэлхийн Монголчууд" гэсэн цувралаар олон түмэндээ хүрэх болно гэдгийг албан ёсоор хэлмээр байна" гэлээ.