Улаанбаатарын иргэдийн 68 хувь нь харшлын өвчинд өртсөн байна
“Харшлын эсрэг 7 хоног” тэмдэглэлт өдрийг дэлхийн хэмжээнд 2011 оноос зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ба ургамлын тоосны харшил” уриан доор 2016 оны дөрөвдүгээр сарын 4-10 хооронд зохион байгуулагдаж байна.
Биднийг хүрээлэн буй ихэнх зүйлс (тоос, хөгц, шавьж, ахуйн болон химийн бодис, г.м) бие махбодод нэвтрэхэд дархлалын тогтолцоо хэт идэвхжиж, эмгэг хариу урвал /харшил/ үүснэ.
Ургамлын тоосны харшлын үед төрөл бүрийн модлог ургамал, бутлаг ургамал,бургас, өвс ургамал, үр тариа, ногоон навчит ургамал, зарим цэцгийн тоосны аллергенүүд нь харшил үүсгэгч болдог.
Өвчлөлд тухайн нутаг орны байгаль цаг уурын онцлог, ургамлын аймаг , ургамалжилт, нийгэм экологийн олон хүчин зүйл нөлөөлдөгөөс шалтгаалж, улирлын чанартай тохиолдох цэцэгт ургамлын дохиурын тоосны харшил өвчний үүсэх нөхцөл шалтгаан бүс нутгаар өөр өөр байдаг онцлогтой.
Монгол орны ургамлын аймагт нийт зүйлийн 7.2 хувь нь 203 зүйл харшлын шалтгаант ургамал тэмдэглэснээс 40 гаруй зүйл ургамал нь харшлын өвчин үүсгэх онцгой шинж чанартай байна.
Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдгүүд:
Хамар: найтаах, хамраас ус гоожих, салст хавагнах (Хамрын түгжрэл, амьсгалахад хүндрэлтэй) = ринит
Нүд: загатнах, улайх, нулимс гоожих, хавагнах
Амьсгалын: ханиалгах, цэр гарах = бронхит, амьсгалын замын цочмог хүндрэл, багтраа
Арьс: загатнах, тууралт (Экзем, чонон хөрвөс)
Ходоод, гэдэсний: гэдэс дүүрэх, дотор муухайрах, суулгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх
Толгой: толгой таллаж өвдөх
Ургамлын тоосжилт агаарт дэгдсэн үед авах арга хэмжээ:
- Цонхоо хааж унтах;
- Ургамлын тоосонцороос ангид амьдрах боломжгүй тул салхинд явах, спортоор хичээллэх зэрэг арга хэмжээгээ зөв тохируулах;
- Тоосонцор нь оронд хуримтлагдаж түүгээр амьсгалах боломжтой тул тоосонцорыг зайлуулахын тулд унтахын өмнө үсээ угаах;
- Гадуур өмссөн хувцсаа гэртээ солих ба унтлагын өрөөнөөс хол хадгалах
- Угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх;
- Машины цонхоо хаалттай байлгах,тоосонцрын шүүлтүүр байршуулах;
- Салст бүрхэвчийг өдөөдөг нэмэлт бүтээгдэхүүнээс зайлсхийх,жишээ нь нүдний гоо сайхны бүтээгдэхүүн,цэвэрлэгч сүүн шингэн, тамхи татах гэх мэт;
- Өндөр уулс, далай тэнгистэй орчинд амралтаа төлөвлөх;
- Зарим хүнсний зүйл харшлын урвал нөлөөлдөг болохыг анхаарах;
- Гадуур явахдаа амны хаалт, нүдний шил зүүх.
Эх сурвалж: НЭМХ-ийн ОЭМХСТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
