Шахмал түлш маргаашаас худалдаанд гарна

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны халаалтын улирал маргааш(2026.09.15) буюу Мягмар гарагт эхэлж, шахмал түлш худалдаанд гаргана.

Халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд борлуулалтын 500 цэг ажиллуулах шийдвэр гарчээ. Үүний 446 цэг нь байнга ажиллах бол 54 нь нөөцөд байх юм байна.

Шахмал түлш худалдан борлуулах цэг ажиллуулахаар 734 хүсэлт ирүүлснээс 446 иргэнтэй гурвалсан гэрээ байгуулж, шахмал түлшийг худалдаанд гаргахад бэлэн болжээ.

Цэгүүдийг сонгон шалгаруулахад 7 дүүргийн Засаг даргын Тамгын газрын Агаарын бохирдлын эсрэг тэмцэх тасаг хороодоос санал авч, тухайн дүүргийн төлөөлөл, Тавантолгой түлш ХХК-аас бүрдсэн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулсан болохыг мэдээлэв.

25 килограммын савлагаатай, нэг шуудай шахмал түлш 3,750 төгрөгөөр худалдаалагдана.

Энэ жил айл өрхүүдэд 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг борлуулах бол аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм байна.

Өнгөрсөн жилүүдэд мидлингээр түлш хийж байсан бол энэ жил Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угаан баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн түлш үйлдвэрлэж, иргэдэд нийлүүлэх гэнэ. Энэ нь нүүрсний уурхайн өрмөөр үйлдвэрлэсэн түлш.

Хотула апплэйкшнээр борлуулалтын цэгүүдийн түлшний хангамжийг харах боломжтой. Өөрөөр хэлбэл түлш хаана хомстолтой, аль цэгт илүүдэлтэй байгааг гар утсаараа харж болно. Мөн борлуулагч нар захиалсан түлшээ хаана явж байгааг ч Улаанбаатар хотын газрын зураг дээр харж болохоор болжээ.

Түлш борлуулах цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэх болно.