Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

СУИС-ын салбар сургуулийг Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болголоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 13
iKon.MN

Энэ сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Соёл, Урлагийн Их Сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болгох шийдвэр гаргасан байна
 

 

Монгол улсын Төрийн шагналт, Ардын зураач Дагдангийн Амгалан 1933 оны 9-р сарын 20-нд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Бор хөндий гэдэг газар төржээ.

1950 онд Улаанбаатар хотод Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, 1963 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит Уран Зургийн Дээд Сургууль төгссөн. 1951 онд “Хавар цаг” зургаа зурсанаар уран бүтээлийн зам нь эхэлжээ.

Амьдралынхаа туршид уйгагүй уран эрэл хайгуул хийж, уран зургийн олон арга барилыг баяжуулан өөрийн өвөрмөц өгүүлэмж, зохиомж, өнгө аясаар олон арван бүтээл туурвиснаас бар зургийн шинэлэг арга нэвтрэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Д.Амгалан 1963 оноос Дүрслэх Урлагийн Дунд Сургууль (коллежи)-д захирал, уран сайхны удирдагч, мэргэжлийн ахмад багшаар ажиллаж монголын дүрслэх урлагийн салбарт 50 гаруй гарын шавь, 500 орчим зураач, урчуудыг сурган хүмүүжүүлсэн байна. Энэ сургуульд ажиллах хугацаандаа Монголын дүрслэх урлагийн сургалтын үндэсний дэг сургуулийг төлөвшүүлэн тогтоосон гавьяатай хүн юм. Энэ дэг сургууль нь өнөө үе түүний шавь нарын залгамж халаагаар улам төгөлдөржин боловсорч байна. Мөн түүний шавь нараас Монголд төдийгүй гадаадад нэр алдраа дуурсган, төр засгийн гавьяа шагнал хүртсэн уран бүтээлчдийн тоо өнөөдрийг хүртэл өссөөр байгаа билээ.

Д.Амгалан залуу уран бүтээлчдийг бэлтгэх үйл хэрэгт амьдрал, хөдөлмөрийнхээ олон жилийг зориулж амжилт гаргасныг болон өвөрмөц хэллэг, өнгө аяс, бичлэгтэй сэтгэлд хоногшсон олон бтээлүүдийг нь ард түмэн, монголын ба гадаадын зураач, судлаач, шүүмжлэгчид өндөр үнэлдэг юм.

Тэрээр 1969 онд “Өлгий нутгийн минь өглөө”, “Ерөөл” зэрэг бүтээлээрээ Монгол улсын Төрийн шагнал, 1975 онд Монгол Улсын “Ардын зураач”, 1981 онд “Алтан гадас” одонгоор шагнагджээ.