Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

АХАЗ: Үндсэн хуулийг өөрчлөх биш УУЛГАЛАН ДАЙРЧ байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Хувьсгалын Анхлагчдын Зөвлөл төрийн бус байгууллагаас өнөөдөр МҮОНТВ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлээ.

Уг ТББ-г Ардчилсан хувьсгалыг орон нутагт хийж байсан анхдагчид нэгдэж байгуулжээ.

Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд Ардын Их Хурлын депутат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Чилхаажав, Ардын Их Хурлын депутат Г.Нороврагчаа, АХАЗ-ийн тэргүүн Д.Хархүү, Монгол Улсын гавъяат багш Б.Зууннаст тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.

Тэднийг зүгээс Үндсэн хуулийн энэ удаагийн өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа бөгөөд ард түмний санал асуулгыг явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Энэ талаар АХАЗ-ийн тэргүүн Д.Хархүү:

 

“Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал аль эртнээс яригдаж эхэлсэн боловч өвлийн хүйтэн өдрийн давчууд Ардчилсан үндсэн хуулийг яаран өөрчилвөөс сайнаас муу үр дагаварт хүргэж болохын дээр дахин найман жил Үндсэн хуулийн асуудлыг хөндөж болохгүй болох учир энэ удаа Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж болохгүй гэж АХАЗ үзэж байна.

Үндсэн хуульд яаравчлан өөрчлөлт оруулах гээд байгаа нь цаг хугацааны хувьд ирэх жил болох сонгуулиар ялсан намын даргын эрх мэдлийг нэмэгдүүлэх далд бодлого нуугдаж байгааг ч үгүйсгэж болохгүй юм.

“АХАЗ” Үндсэн хуульд өөрчлөн сайжруулах зүйл байгаа гэж үзэж байгаа боловч энэ удаа ийм маягаар өөрчлүүлж огт болохгүй тул Монголын ардчилсан хувьсгалын партизанууд Монголын нийт иргэд залуусаа энэ асуудалд туйлын ухаалаг хариуцлагатай хандахыг уриалж байна” гэдгийг онцлов.


 

Ардын Их Хурлын депутат, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Чилхаажав:

“Шүүхийн бие даасан байдал алдагдаж, улс төрч, эрх мэдэлтнүүдийн дарамтанд ажиллахаар болж байна. Намын шүүх байгуулагдах гэж байна.

Ерөөсөө бүх эрх мэдлийг УИХ-д төвлөрүүлээд Ерөнхийлөгчийн болон Шүүх эрх мэдлийг үндсэндээ улс төрийн намын хараат болгоод дураараа дургих гэсэн хүмүүсийн илэрхийлэл юм уу даа. Ямар юм нь гай болоод Ерөнхийлөгч Монгол Улсаа төлөөлөх эрхийг хасах гээд байгаа юм бэ?

Үндсэн хуулийн толгой дээр “Төр нийгмийн удирдан чиглүүлэх хүчин Нам” гэж бичих л үлдээд байна.

Гурван эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэл авч эхлэх гэж байна. Бид юуг дэмжиж байсан бэ гэвэл 2000 онд оруулсан дордуулсан долоон өөрчлөлтийг л өөрчлөх хэрэгтэй гэж байсан” хэмээн хатуухан шүүмжилсэн юм.


Мөн тэдний зүгээс одоо буруу томъёоллоор ард түмний санал асуулга явуулбал ахин найман жил гар хүрэх боломжгүй болох бөгөөд цаг хугацааны хувьд давчуу байгааг хэлж байлаа.

АХАЗ-ийн УЗ-ийн гишүүн Б.Өлзийсайхан энэ бүхнийг дүгнээд “Үндсэн хуулийг өөрчлөх биш Үндсэн хууль руу уулгалан дайрч байна” гэдгийг онцоллоо.