Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН-ын эмэгтэйчүүд түймэрт өртсөн аймгуудад хандив өгнө

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

МАХН-ын дэргэдэх Ардчилал, Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /АШЁМНХ/-ноос түймэрт өртсөн зүүн гурван аймгийн иргэдэд хандив, тусламж үзүүлэхээр болсон талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд АШЁМНХ-ны тэргүүн Л.Сэлэнгэ, АШЁМНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Сарангэрэл, Ж.Бурмаа, Ш.Булган, Ч.Бямбадорж нар оролцож зүүн гурван аймагт хандивлах эмнэлгийн хэрэгслүүдээ танилцууллаа. 

Тус холбооныхон нийт 10 гаруй сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл, тосон түрхлэг, наалт, цацлага, галаас аврах хөнжил зэрэг бараа материалыг ОБЕГ-аар дамжуулан Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын иргэдэд хандивлаж байгаа аж. Хандивын бараа материалд Өмнөд Африкт үйлдвэрлэсэн түлэнхийн үед яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн болон галын үеэр хэрэглэх хэрэгсэл байгаа юм байна. Тэдгээр эмнэлгийн хэрэгслүүд нь  дайны болон гал түймрийн гамшгийн үед олон улсад өргөнөөр хэрэглэдэг нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүд болохыг онцолж байлаа. 

 

Мөн НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмай нийгэмлэгээс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, GMB стандартын шаардлага хангасан гэдгийг тус холбооны тэргүүн Л.Сэлэнгэ тайлбарласан. Тэрбээр “Түлэнхий гэдэг бол хоёр дахь халдвар, гүн хордлогын улмаас хүний амь насанд хүрдэг. Тиймээс бид олон улсад хэрэглэдэг яаралтай тусламж үзүүлж, түлэнхийг халдваргүйжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг ОБЕГ-аар дамжуулан зүүн гурван аймгийн иргэдэд хандивлаж байна” хэмээсэн юм.