Хуулийн байгууллагуудын шинэчлэлийн асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Хууль зүйн салбарт хийж буй шинэчлэл эхэндээ гайгүй дэмжлэг авсан. Гэвч хуулиуд эхнээсээ өөрчлөгдөж, хэрэгжиж эхэлмэгц салбарынхны зүгээс шүүмжлэл өрнүүлж эхэллээ. Та үүнийг тулгарах ёстой саад бэрхшээл гэж үздэг үү, эсвэл шинэ хууль эрх зүйн орчин цаг үе, үзэл бодолтой зөрчилдөөд байна уу?
-Хуулийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлэхдээ анх хэлж байсан минь үнэн байж дээ гэдгийг л одоо харж байна. Эрх зүйн салбарт хийж байгаа шинэчлэл эсэргүүцэлтэй тулгарч байгаа тохиолдол ганц манайд байгаа юм биш. Одоогоос 10-15 жилийн өмнө үүнийг хэрэгжүүлсэн Зүүн Европын болон бусад улс орон энэ замыг туулж өнгөрсөн. Онцлог нь энэ их эсэргүүцэл ердөө практик дээр ажиллаж буй хүмүүсээс гардаг юм. Тэр дундаа хуучны уламжлалт хуулийн байгууллагыг удирддаг, тэнд тодорхой албан тушаал хашдаг, эрх мэдэлтэй хүмүүс хамгийн их эсэргүүцэл гаргадаг. Энэ бол том сорилт. Үүнээс болж зарим шинэтгэл бүтэлгүйтэж, зарим нь удааширч байсан. Тиймээс бусад улс орон энэ сорилтыг давахын тулд боловсон хүчний шинэтгэлийг давхар хийгээд явдаг.
Хууль тогтоомжууд өөрчлөгдөж, шинэ соёл үйлдвэрлэгдээд эхлэхээр үүнийг эсэргүүцэх, ямар нэг аргаар унагах, эерэг талыг нь харахаасаа илүү сөрөг тал дээр нь тоглох оролдлого гардаг учраас боловсон хүчний шинэчлэлийг хамтад нь хийж, шинэтгэлийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг нэн даруй солих зарчим барьдаг. Энэ шинэчлэлээ давхар хийж чадсан нь амжилт олж, чадаагүй нь шинэчлэлээс ухардаг зүй тогтол дэлхийн жишигт байна. Монгол Улс ч өнөөдөр ийм нөхцөл байдал руу орлоо.
Хуулийн байгууллагын шинэтгэлийг бүхлээр нь харахад шүүхийн шинэтгэл харьцангуй гайгүй явж байна. Шүүгчид, хуульчид бол энэ салбар дотроо харьцангуй боловсролтой хэсэг учраас асуудлыг наанатай цаанатай нь хардаг. Тиймээс эсэргүүцэхээсээ илүү шинэчлэлийн энэ үйл явцад өөрсдийн үйл ажиллагаагаа яаж уялдуулж, хэрхэн хурдан өөрчлөгдөх вэ гэдгээ олж хараад байна. Харин хууль сахиулагчдын хувьд нөгөө л мөрдөж шалгадаг, тагнаж чагнадаг эрх мэдэлтэй хэсгээс тодорхой хүрээнд эсэргүүцэл илэрч байна. Нийтээрээ биш шүү. Яг анхан шатны нэгж, бие бүрэлдэхүүн бол шинэтгэлийг эсэргүүцэх гэхээс илүү энэ өөрчлөлт ажилд нь ахиц авчрах учраас хурдан хийгээсэй гэж хүлээж байна.
-Энэ салбарт, тэр дундаа цагдаагийн байгууллагад хийж буй өөрчлөлт олныг нэлээд төөрөгдүүлж байна. Цагдаагийнхнаас өөрсдөөс нь гараад байгаа эсэргүүцэл, шүүмжлэл ч үүнд нөлөөлж байгаа байх?
- Цагдаагийн байгууллагын шинэтгэлийн талаар би хангалттай тайлбарласан. Үүний эсрэг сүүлийн гурван сарын турш салбарын шинэтгэлийн үйл явцыг саармагжуулж, болоод явж байгаа процессийг болохгүй бүтэхгүй гэж харагдуулах зорилготой мессеж явлаа. Үүнийг хэн, хаанаас хийж байгааг ч би сайн мэдэж байна.
Салбарын шинэтгэлийн үйл явцыг саармагжуулж, болоод явж байгаа процессийг болохгүй бүтэхгүй гэж харагдуулах зорилготой мессеж явлаа. Үүнийг хэн, хаанаас хийж байгааг ч би сайн мэдэж байна.
Ер нь хуулийн байгууллагад шинэтгэл хийнэ гэдэг угаасаа хэцүү гэдгийг бид сайн ойлгох ёстой. Яагаад гэвэл хүнийг тагнаж, чагнадаг, мөрдөж шалгадаг бодит эрх мэдэл дээр албан тушаалтнууд өөрт байгаа мэдээллээрээ хэвлэл, улстөрч, бизнес эрхлэгчдийг барьцаалж, үүгээрээ дамжуулж өөрсдийн бодлогоо гүйцэлдүүлэх гэж оролддог юм байна. Социализмын үеийн хууль, хүчний нэртэй байгууллагын энэ арга барил одоо ч хэвээрээ.
-Тахарын албаны бүтцийг хэт их данхайсан, ямар чиг үүрэгтэй нь тодорхойгүй. Угаасаа цагдаа хийгээд болоод байсан ажлыг яагаад бүхэл бүтэн алба байгуулаад тусад нь гаргачихав гэсэн шүүмжлэл бас нэг хэсэг явсан?
- Огт чиг үүрэггүй байгууллага гэж байхгүй. Хуульд чиг үүргийг нь тодорхой заасан байгаа. Энэ бол шүүх, шүүгч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангана. Манайх өмнө нь шүүгч, шүүгдэгчийн аюулгүй байдлыг хангах бодлогоо огт хэрэгжүүлж байгаагүй. Харьцангуй тайван улс, иргэд нь ч тайван. Өнгөрсөн хугацаанд Хадгаламж зээлийн хоршоо, цагдаагийн дарга нарын хэргийг шүүхээр хэлэлцэх үед л шүүгч рүү халдсан цөөхөн тохиолдол гарсан. Өдий хүртэл бид тэтгэвэрт гарсан хэдэн хүнийг жижүүрээр цалинжуулж, тэдэнд шүүгчийн аюулгүй байдал, шүүхийн байшинг даатгаад, шүүх хуралдааны дотоод дэгийг цагдаагийн байгууллад хариуцуулж ирсэн. Хэв журам сахиулж, гудамжинд эргүүл хийх ёстой цагдаа нар өөрсдийн чиг үүргээс гадуур шүүх, шүүх хуралдаанд оролцогчдыг хамгаалах ажил хийж байсан. Энэ хэдэн цагдаа л буруутгагдсан иргэнийг шүүх хуралдаанд ирүүлнэ. Хуягласан тусгай машинаар хорих байрнаас ялтнуудыг зөөнө.
Нэг үгээр хэлбэл, цагдаагийн байгууллага зардлаасаа хумсалж байгаад энэ ажлыг хийж ирсэн. Нөгөө талаар төрийн огт хийж байгаагүй нэг ажил бол гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал. Өнгөрсөн хугацаанд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэдэг ТББ л энэ асуудалд анхаарал хандуулдаг байлаа шүү дээ. Энэ ажлыг Тахарын албанд хариуцуулсан. Мөн шүүгч, шүүгдэгч, гэрч, хохирогчийг заналхийлэх, нотлох баримтыг устгахаас хамгаалах зэрэг шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах чиг үүргийг давхар хариуцна.
-Цагдаагийн байгууллагад боловсон хүчин угаасаа дутагдалтай байгаа. Гэтэл шинээр байгуулсан Тахарын албаны хүний нөөцийг хаанаас бүрдүүлж байгаа юм бэ?
- УИХ-аас төрийн албан хаагчдын орон тоог нэмэхгүй гэдэг шийдвэр гаргасан. Тиймээс бид шинэ бүтцээ ажиллуулахын тулд шинээр хүн авч чадахгүй болоод байгаа. Ийм тохиолдолд ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ зэрэг харьяа агентлагууддаа давхардсан ажлын байр, орон тоо байна уу гэдгийг судалсан. Ингээд чуулга, спорт хороо гээд хууль сахиулах үйл ажиллагаанд оролцдоггүй тамирчин, дуучин, гудамжинд эргүүл хийдэг цагдаа нараас илүү дүрэмт хувцас, орон байрны хангамж эдэлдэг хэсгийн орон тоог цомхотгосон. Тэндээс хэмнэсэн зардал, орон тоог шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэж байна.
Нөгөө талаар Цагдаагийн байгууллагын захиргааны түвшинд данхайсан бүтэц байсан. Үүнийг задалсан. ЭЦГ, ХБГ, УМБГ зэрэг чиг үүрэг нь ижил хэрнээ тусдаа захиргаатай бүтцүүдийг нийлүүлж, суларч байгаа орон тоог шилжүүлсэн. Дотоодын цэргийг ч үүнд хамруулсан байгаа. Мөн Цагдаагийн байгууллагад хууль сахиулагчидтай адил цол хэрэглэж, ижил цалин авдаг захиргааны албан хаагчдыг энгийн орон тоон дээр шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагад нягтлан хийх, яаманд, эсвэл өөр нэг хуулийн этгээдэд нягтлан хийх огт ялгаагүй шүү дээ. Тийм байж энэ хүмүүс яагаад цагдаагийн цол зүүгээд, хангамж эдлээд явах ёстой гэж. Ингэж зардлаа бууруулж байж шинэ бүтцээ ажиллуулж байна.
-ЭЦГ, УМБГ хоёр нэгдэж ЗБГХТГ болсон. Энэ хоёрыг нийлүүлснээр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүч суларна гэсэн эсэргүүцэл ч юм уу, болгоомжлолыг цагдаагийнхан өөрсдөө яриад байна л даа?
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд огт оролцдоггүй нэг субъект бий. Энэ бол ЭЦГ. Угаасаа хуулиар тогтоосон ийм бүтэц ч байхгүй. Эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаанд оролцогчид эрүүдэн шүүх ажилллагаа явуулсан бол хариуцлага хүлээдэг бол ЭЦГ энэ хариуцлагаас гадна байж ирсэн. Бид хуулийн засаглалтай улс орон болно, асуудлыг хуулиар шийдэж, хүний эрхийг хязгаарлах гэж байгаа бол энэ бүхэн чинь хууль зүйн үндэслэлтэй байх ёстой шүү гэдэг тогтолцоо руу явж байгаа л бол үүнд хамаарагчид бүгд эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагааны оролцогч болгох ёстой. Энэ өөрчлөлт иргэдэд л ашигтай.
Өөрсдийнх нь явуулж байгаа үйл ажиллагаа хуулийн хяналтад орохгүй байвал ашигтай, аль нэг байгууллагын дарга байх сонирхолтой хэсэг бүлэг цагдаад ч байна.
Хэн дуртай нь хуулийн нэр барьж, хүч хэрэглэж иргэнд халддаггүй болно гэсэн үг. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд хүссэн ч, хүсээгүй ч тодорхой хэмжээний зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ. Харамсалтай нь өөрсдийнх нь явуулж байгаа үйл ажиллагаа хуулийн хяналтад орохгүй байвал ашигтай, аль нэг байгууллагын дарга байх сонирхолтой хэсэг бүлэг цагдаад ч байна. Тэдний дургүйцэл ил гарсан. Үүнийг нь энэ шинэтгэлийг муучлах сэжүүр гэж өлгөж авч байгаа нэг, хоёр улстөрч ч байгаа.
-ЦЕГ-ын даргын байр суурь заримдаа сайдаасаа даваад байгаа юм шиг ойлгогддог. Анх энэ ажилд томилогдохдоо ямар байр суурьтай байсан юм бэ?
- Энэ хүн анх агентлагийн даргаар томилогдохдоо салбарын шинэтгэлийг дэмжинэ гэдгээ хэлж байж энэ ажлыг авсан. Одоо цагдаа хуучнаараа байвал өөрт нь илүү ашигтай гэж хараад байна уу, хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан бидний үзэл бодол зөрөөд байна. Энэ бол эцсийн дүндээ хувь хүний биш, улс орны асуудал байхгүй юу. Түүнээс биш хувь хүний хувьд зөрчилдсөн юм байхгүй. Юутай ч хуулийн байгууллагад шаардлагатай байгаа шинэтгэлийг хийнэ. Магадгүй бодлогоо хамт боловсруулж, шинэтгэлээ хамтран хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилгүй хүнийг энэ газрын даргаар томилсон нь миний алдаа юм шиг байна.
ЦЕГ-ын дарга нь үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхдүүд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Би үүнийг маш тэвчээртэй харж байгаа.
Цагдаагийн албаны тухай хууль 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын удирдлагуудын томилгоог шинээр хийж, албажуулах ёстой. Гэвч би Б.Билэгт гэдэг хүн дээр энэ томилгоог хийгээгүй. Мэдээж хэрэг, асуудлыг Засгийн газраар оруулж шийднэ. Гэхдээ асуудлыг яаж оруулах, энэ хүнийг дахин томилох, эсэхээ би шийдээгүй байна.
-ЦЕГ-ын даргыг сайдаасаа илүү эрх мэдэлтэй агентлагийн дарга болжээ гэж харах хүн олшроод байгаа. Та үүнийг анзаардаг уу?
- ЦЕГ-ын дарга нь ийм үл бүтэх бодолтой байгаа учраас л түүний дор ажиллаж байгаа нөхдүүд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Би үүнийг маш тэвчээртэй харж байгаа.
-Хууль сахиулах байгууллагын шинэчлэлийн хүрээнд хүлээлт үүсгэж байгаа нэг хууль бол Мөрдөх албаны тухай хууль. Мөрдөх албыг тусад нь гаргаж, Хууль зүйн яамны харьяа агентлаг болгож байгаа нь салбарын сайд эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байна гэсэн хардлагыг төрүүлж байна л даа?
- ЦЕГ бол Хууль зүйн яамны харьяа агентлаг. Мөрдөх алба байгуулагдвал мөн л энэ яамны эрхлэх асуудлын хүрээнд багтана. Тийм учраас энэ албыг Хууль зүйн яам, эсвэл сайд нь авах гэж байна гэж хардах нь угаасаа утгагүй. Хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Хууль зүйн сайд хэрэгжүүлдэг. Ц.Нямдоржийн үед ч ийм байсан, одоо ч ийм байна. Бүх асуудал Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар, агентлагийн даргыг Засгийн газар томилдог тэр жишгээрээ явна
Аль нэг аймагтаа холбооны улсын статус олгодоггүй хэрнээ аль нэг агентлагтаа бие даасан статус олгож болохгүй биз дээ.
Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн байгууллага Засгийн газар, Монгол Улсаас тасарсан, улс доторх улс болчихсон байсан. Ямар ч хариуцлага хүлээхгүй, бодлогын уялдаагүй, ард түмний сонголт, хүсэл эрмэлзэл энэ байгууллагад огт хамаагүй явж ирсэн. Гэтэл ард түмэн маш олон өөрчлөлтийг хүсэж байна.
Цагдаагийн байгууллага Засгийн газрын нэг агентлаг юм бол агентлагийн хэмжээнд ажиллах ёстой. Хуулиа сахиулаад, бодлогоо хэрэгжүүлээд, УИХ-аас батлагдсан хуулийн дагуу иргэдийн аюулгүй байдлын төлөө үйлчилдэг үйлчилгээний байгууллага болж өөрчлөгдөх ёстой. УИХ-аас хууль тогтоомж гарсан бол түүнийг Засгийн газрын харьяаны бүх байгууллага хэрэгжүүлж, гүйцэтгэх үүрэгтэй. Тийм учраас гүйцэтгэх эрх мэдэл гэж тодорхойлдог. Монгол нэгдмэл улс. Аль нэг аймагтаа холбооны улсын статус олгодоггүй хэрнээ аль нэг агентлагтаа бие даасан статус олгож болохгүй биз дээ.
-Оны дараахан УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг АТГ-ын бөөрөнд аваачсан. Энэ хоёр байгууллагыг нэгтгэх асуудал хуулийн салбарын томчуудын дунд асуудал үүсгээд авсан. Энэ өөрчлөлт гэнэтийн асуудал уу, эсвэл салбарын шинэтгэлд туссан өөрчлөлт үү?
- УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төслийг Засгийн газраас биш, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан. Төлөвлөгөөтэй явагдаж байсан цогц шинэтгэлийн хажуугаар хөндлөнгөөс гэнэтийн юм ороод ирэхээр бодлогын алдаа гарсан нь үнэн. Үүний учрыг хууль өргөн барьсан гишүүдээс асуувал зүгээр байх.
Төлөвлөгөөтэй явагдаж байсан цогц шинэтгэлийн хажуугаар хөндлөнгөөс гэнэтийн юм ороод ирэхээр бодлогын алдаа гарсан нь үнэн.
Харин саяхан хуулийн байгууллагын удирдлагууд болон Засгийн газрын гишүүд хамтарч Ерөнхийлөгчтэй уулзсан. Энэ уулзалтын үеэр Хууль зүйн яам, Засгийн газраас боловсруулж, өргөн барьсан хуулийн хажуугаар сайн дурын тоглолт хийж дэг эвдэхгүй. Цаашдаа нэг бодлогоор явна гэсэн шийдэлд хүрсэн.
-Та энэ асуудлаас болж Ерөнхий прокурортой хүртэл муудалцаад авсан биз дээ?
- Ерөнхий прокурор өөрийн эрхлэх асуудлын хүрээний Мөрдөн байцаах газрыг АТГ-т шилжүүлэх хуулийн төслийг Засгийн газар санаачилсан гэж ойлгосон шиг байсан. Бид хоёр тус тусдаа ажлаа явуулж, тэр бүр уулзалдаж амждаггүй. Завгүй ажиллаж байгаа үед тодорхой хүмүүс цагдаа болон прокурорын байгууллагатай холбоотой буруу ташаа мэдээлэл өгч, хүмүүсийн дунд муур гүйлгэнэ гэдэг шиг юм болсон. Хувийн бодлоо гүйцэлдүүлэхийн тулд худлаа хэлж, бидний дунд ойлголтын зөрүү гаргажээ гэдгийг бид хоёр уулзаад ний нуугүй ярьсан. Одоо бол ойлголцсон.
Шүүгч, прокурор, цагдаагийн алба хаагчдын үйлдсэн авлига, албан тушаалын хэргийг АТГ мөрдөх нь зөв. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх тусдаа бие даасан байгууллага байгаа хэрнээ шүүх, прокурор, цагдаагийн авлигын хэргийг Прокурорын мөрдөнд шалгагдах нь зохимжгүй гээд УИХ хуулиа баталсан. УИХ-ын баталсан хуулийн буруу, зөвийг өнөөдөр яриад яахав. Эдгээр байгууллагын албан хаагчдын үйлдсэн ахуйн шинжтэй гэмт хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Гэхдээ нэг зүйл тодорхойгүй үлдсэн нь харьяаллыг нь зааж өгөөгүй. Тиймээс ийм хэргийг цагдаагийн байгууллага, тэр дундаа нутаг дэвсгэрийнх нь байгууллага мөрдөх нь зохимжгүй гэж үзээд ЗБГХТГ-т шинэ бүтэц бий болгож хариуцуулсан.
-Хууль сахиулах байгууллагад өрнөж байгаа өөрчлөлтөөс харахад АТГ асар том эрх мэдэлтэй болж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, түүн дээр шүүх, цагдаа, прокурор зэрэг хуулийнхны өдүүлсэн хэргийг шалгана. Ганц газарт энэ том эрхийг тэр чигээр нь өгч болж байгаа юу?
- Энэ бол УИХ-ын шийдвэр. Ер нь бид энэ сэтгэлгээнээс салах ёстой л доо. Өнөөдөр Цагдаагийн байгууллагад гарч байгаа маргаан, хэрүүл ч энэ сэтгэлгээнээс үүдэлтэй. Шууд хэлэхэд АТГ, цагдаа, тагнуулын байгууллагад ч юм уу, эрх мэдлийг хэнд өгөх нь сонин биш. Харин тэр эрхийг яаж хэрэгжүүлэх нь сонин. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг процесжуулах ёстой. ЭБШХ-ийг яагаад Хууль сахиулах үйл ажиллагааны болон Гэмт хэргийг хянан хянан шийдвэрлэх тухай хууль гэж хоёр хуваасны учир ч энэ. Ингэж эрх мэдлийг хэн нэгэнд, албан тушаалтанд өгөх биш харин процессжуулах юм. Өнөөдөр АТГ авлига, албан тушаалын гэмт хэргийг бүгдийг шалгахаар болж байгаа бол шүүхээс зөвшөөрөл авна. Энэ бол процесс. АТГ, шүүх хоёрын үйл ажиллагааг прокурор хянана. Ингэхээр тэр байгууллагад очиж байгаа эрх мэдэл хэн нэгний дур зоргоор аашлах эрх мэдэл биш болоод явчихна.
АТГ, цагдаа, тагнуулын байгууллагад ч юм уу, эрх мэдлийг хэнд өгөх нь сонин биш. Харин тэр эрхийг яаж хэрэгжүүлэх нь сонин.
Гэтэл хүмүүс өнөөдөр хэн нэгнээс татаж авч байгаа эрх мэдлийг Хууль зүйн яам, АТГ авлаа гэж хардаад байх юм. Энэ эрх мэдэл АТГ-д эсвэл Хууль зүйн яаманд очихгүй. Энэ бүхэн процесс болж өөрчлөгдөж байгаа. Жишээ нь хэн нэгэн хүнийг баривчилж саатуулахдаа энэ эрх мэдлийг бид шүүхэд өгч, шүүхийн процесс болгож байгаа юм. Дараа нь шүүгч дээр прокурор, өмгөөлөгч хоёр ирж уулзаад тухайн иргэнийг баривчлах болсон нь хуульд нийцэж байгаа, эсэх асуудлаар жижиг хэмжээний шүүх хурал хийж, баривчлах асуудал нь үндэслэлтэй бол шүүх шийдвэр гаргана. Өнөөдөр ийм л шинэтгэл явагдаж байгаа.
-АТГ-ын даргыг УИХ-аас томилдог. Энэ байгууллага байгуулагдсанаасаа хойш ажлаа нэг ч удаа тайлагнаагүй, хэн ямар чиглэл өгч, яаж ажиллаад, хэн ажлыг нь хянаад байгаа нь тодорхойгүй. Үүнээс болоод АТГ-ыг парламентад олонх болсон улс төрийн хүчин, эсвэл Ерөнхийлөгч удирдаж байна гэсэн хардлага яваад байх юм?
- АТГ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд бол прокурорт хянагдах ёстой. Соён гэгээрүүлэх болон хуулиар хүлээсэн ерөнхий үүрэг, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах ажил нь УИХ-д бий. Тиймээс Хууль зүйн байнгын хороонд харьяалагдана. Гүйцэтгэх ажилтай холбоотой асуудлаараа УИХ-ын Тусгай хяналтын хороонд хянагдах ёстой. Хянах байгууллага, хянах чиг үүрэг нь тодорхой байгаа биз дээ. Харин урд өмнө энэ байгууллагыг хэн хэрхэн хянаж, үр ашигтай ажиллуулж байсан бэ гэдэг бол өөр асуудал.
ЭБШХ болон Гүйцэтгэх ажлын тухай хоёр тусдаа хуулиар үйл ажиллагаа явуулж, Гүйцэтгэх ажлын хуулийн хүрээнд хүний эрхэнд халдаж, хяналтгүйгээр эрх мэдлээ хэрэгжүүлж, бусдыг тагнаж, чагнаж байсныхаа төлөө АТГ-ын өмнөх дарга нар хариуцлага хүлээсэн. Энэ бол хуулиа нарийвчилж, журамлаж өгөөгүйн зовлон. Тийм учраас бид хуулийн салбарын шинэтгэлийн хүрээнд батлагдах хуулиуудаа УИХ-аар аль болох хурдан батлуулах юмсан л гэж бодож байгаа. Цаашдаа цаг минут өнгөрөх тусам аль нэгэн салбар, яам, агентлагт хэн нэгэн даргын хүний эрх зөрчсөн заавар журам батлагдах явдал газар аваад байх нь.
-АТГ байгуулагдсан үеэс хойш парламент болон УИХ-ын Байнгын хороонд ажлаа тайлагнасан түүхийг санаж байна уу, Та?
- Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор нэг удаа УИХ дээр сонсгол хийж байсан. Түүнээс хойш хяналтын систем ажиллаагүй байх. Авлигын тухай хуулиар жил бүрийн дөрөвдүгээр сард УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд тайлангаа өгдөг.
-Хууль сахиулагчид хууль зөрчих явдал тасрахгүй байна. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Их Даширын хөндийд алт олборлож буй гаднын хөрөнгө оруулалттай компанид осол гарч хүний амь нас эрсэдсэн. Орон нутгийн мөрдөн байцаагч, прокурор хэргийг бодитоор шалгахаас зайлсхийсэн баримт байна. Ийм байж болох уу?
- Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгж, хууль сахиулагчид бүгд хуулийн өмнө өөр өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Хэн нэгэн хууль зөрчиж, хуулиас гадуур хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэсэн ойлголт байх ёсгүй. Хууль зөрчсөн бол харицулага хүлээлгэнэ.
Цагдаагийн байгууллагын шинэ бүтэц ажиллаж, Гэмт хэргийн тухай шинэ хууль үйлчлээд ирэхээр хуулийн этгээд, аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлагын систем ажиллаад ирнэ. Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрэм, аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн аж ахуйн нэгжид хүлээлгэх хариуцлага бол нэлээд сайжирна.
-Таныг сайд болсноос хойш Н.Энхбаярын, МИАТ-ын захирлуудын, Татварын Гансүхийн зэрэг дуулиантай хэргүүд шалгагдсан. Энэ хэргүүд анх олны анхааралд өртсөн шигээ шийдэгдээгүй. Мэдээж таны үед илэрч, шалгагдсан, шийдэгдсэн хэргүүд гэдэг утгаараа хожим танд л хаяглагдаж үлдэнэ. Иргэдийн зүгээс бол цагдаа, шүүх шударга бус байна л гэдэг шүү дээ?
- Зарим юмыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Хууль зүйн сайдын эрхлэх асуудалд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг багтдаг. Цагдаагийн байгууллага тодорхой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажлаа хийгээд дууссан. Тиймээс шүүхийн шийдвэрийг Хууль зүйн сайдад хамааруулж ойлгож болохгүй л дээ. Бие даасан хараат бус байх ёстой шүүх ямар шийдвэр гаргах нь надад хамаагүй. Үүнд нөлөөлөх гэж оролдвол Хууль зүйн сайд шүүхэд нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн болно. Нөгөө талаар өнөөдөр бид Эрүүгийн хуулийг өөрчилж чадаагүй яваа. Удахгүй УИХ-аар батлагдах Гэмт хэргийн тухай шинэ хуульд сая нэр дурдагдсан тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй холбоотой ялын бодлогод өөрчлөлт оруулна.
Шүүхийн шийдвэрийг Хууль зүйн сайдад хамааруулж ойлгож болохгүй л дээ. Бие даасан хараат бус байх ёстой шүүх ямар шийдвэр гаргах нь надад хамаагүй.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар гэж нэг “сугардаггүй” хүн байна. Прокурор түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хоёр ч удаа тавиад Цэц хүлээж аваагүй. Дээр нь УИХ-ын гишүүд гэж халдашгүй байдлаар хаацайлагдсан баахан хүмүүс. Энэ халдашгүй байдал гэдэг зүйлийг хуульд арай өөрөөр авч үзэж болдоггүй юм уу?
- УИХ, Үндсэн хуулийн гишүүний халдашгүй дархан байдлын тухай Үндсэн хуулийн заалтыг яах вэ. Үүнийг би байтугай УИХ дахь олонх ч өөрчилж чадахгүй. Үндсэн хуулийг УИХ-ын гишүүдийн 3/4 нь санал нэгтэй өөрчлөх учиртай. Гэхдээ салбарын шинэтгэлийн хүрээнд Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой асуудлыг боловсронгуй болгох чиглэл багтсан. Энэ хавар УИХ-д хуулийн төсөл өргөн барина.
-Таныг хорих ангид хэтэрхий их анхаарал хандууллаа. Цэцэрлэг, сургууль барих мөнгөөр хорих анги бариад эхэллээ гэх шүүмжлэл их байгаа. Өмнөх Хууль зүйн сайд нар ч бас л шорон барилаа гэж шүүмжлүүлдэг байсан. Монголд тийм олон шорон хэрэгтэй юү?
- Монгол Улс хорих байгууллагатай холбоотой бодлогодоо шинэчлэл хийгээгүй явж ирсэн. Өнөөдөр хөдөө орон нутгаар тархсан 25 хорих анги байна. Хамгийн олон нь 500-600, бага нь 50-100 хоригдолтой. Энэ хорих ангиудын урсгал зардал, хамгаалалтын зардал гэж овоо юм гардаг. Дээр нь хорихын ажилтнууд торны гадна, дотор л байгаа болохоос хоригдлуудтайгаа яг ижил орчинд ажиллаж байна. Тийм учраас улсын хэмжээнд төвлөрсөн гурав, дөрөвхөн хорихтой болох нь зөв.
25 хорих ажиллуулж, харуул хамгаалалт тавих гэж үйлээ үзэж байхаар ангиа нэгтгээд хамгаалалт, нягтлан, дарга цэргийн орон тоогоо цөөлөөд зардлаа хэмнэчихье.
Мэдээж хөнгөн хэрэгтэй хүмүүсийг хорьдог нээлттэй гэгддэг хорих ангиуд бол орон нутагт цөөн тоогоор байж болно. Төвлөрсөн хориход хамгийн болдоггүй хүнээ хийж таарна. Эхний ээлжийн 1500 хүний багтаамжтай хорихыг Улаанбаатар хотод зүүн бүсэд барих шийд гарсан. Бид 25 хорих ажиллуулж, харуул хамгаалалт тавих гэж үйлээ үзэж байхаар ангиа нэгтгээд хамгаалалт, нягтлан, дарга цэргийн орон тоогоо цөөлөөд зардлаа хэмнэчихье.
Оюутны дотуур байр шиг байшинд хоригдлоо хорьж байхаар 1500 хүн нэг нэгэнтэйгээ уулзахгүй ердөө өөрсдийн блок дотор тусгаарлагддаг 50-60 хүний багтаамжтай блокоор хорьдог орчин үеийн хорих байгуулъя. Блок дотор нь гутал эсвэл оёдол, ахуйн цех байгуулаад, хоригдлуудаа тэжээх биш тэднээр хохирлыг нь төлүүлдэг систем рүү шилжинэ гэж зорьсон. Одоо ажиллаж байгаа 25 хорихтой харьцуулахад зөвхөн урсгал зардлаас нь жилдээ 4,5 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарч байгаа шүү дээ. Магадгүй зургаан жилийн дараа Монгол Улс төсөвтөө хорихын урсгал зардалд мөнгө суулгахгүй болно. Би үүнд итгэлтэй байна. Ингээд шийдчихвэл хоригдол суллагдаад гарахдаа ажлын байртай, бүр байг гэхэд хийж чаддаг юмтай болно. Нөгөө талаар хорих байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын ахуй амьдралыг бодмоор байна. Тэд чинь үр хүүхэдтэй хүмүүс. Хүүхдүүд нь суралцах боломж, соёлын үйлчилгээгээр хангагдах ёстой.
Монгол Улс төсөвтөө хорихын урсгал зардалд мөнгө суулгахгүй болно. Би үүнд итгэлтэй байна.
-Эрх зүйн салбарын шинэчлэлийн үр дүнг нийгэм, иргэд хэзээ амсах бол. Санаачлагчид тодорхой цаг хугацаа, таамаг байгаа биз дээ?
- Мэдээж хуулийн шинэтгэл бол өргөс авсан шиг тийм хурдан хийгддэг юм биш. Шинэчлэл өөрчлөлтийн эерэг талыг олж харах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс олоод харчихна аа. Би 5-6 жилийн дараа эхний үзүүлэлт харагдана гэж бодож байгаа. Салбарын шинэчлэлийн хүрээнд батлагдах 42 хуулийн арав гаруйг нь энэ онд батлуулж амжих байх. 2016 он гэхэд төлөвлөж байгаа ажлын 70 хувийг хийсэн байх юмсан гэж бодож байна. Эсэргүүцэл хэр их ирэхээс шалтгаална. Ойлголцоод, дэмжлэг аваад байвал 2016 он гэхэд хийх ёстой ажлаа 90 хувьтай хийчихсэн байж ч магадгүй. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газрын үед эхний өөрчлөлт харагдана. Магадгүй тэр Засгийн газар энэ өөрчлөлтийн гавьяаг наагаад сууж байж мэдэх юм.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!