Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын эрх баригчид сансрын уудамд зэвсэг байрлуулснаа анх удаа албан ёсоор зарлажээ.

Энэ мэдэгдэл нь Орос, Хятад зэрэг улсуудтай дэлхийн тойрог замд зэвсэглэлээр өрсөлдөх уралдааныг эрчимжүүлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

АНУ-ын агаарын зэвсэгт хүчний нарийн бичгийн дарга Трой Мэйнк тус улс “тойрог замд” (on-orbit) ашиглахад бэлэн зэвсэгтэй болсон буюу эдгээр зэвсгийг байршуулж, дэлхийг тойрон эргэлдүүлж байгааг баталжээ.

“Бид өнөөдөр хаана ч гарч ирж болзошгүй, хувьсан өөрчлөгдөж буй аюул заналтай нүүр тулахад бэлэн байх ёстой. Тийм ч учраас АНУ одоо дэлхийн тойрог замд сансрын орон зайг хянах чадвартай зэвсэгтэй болсон” гэж тэр Даваа гарагт болсон жил тутмын “Air, Space, Cyber” хурлын үеэр хэлсэн байна.

Мэйнк сансарт байрлуулсан зэвсгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Харин АНУ-ын сансрын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч үүнийг “өрсөлдөгчийн чадавхад нөлөөлөх зорилготой кинетик болон кинетик бус арга хэрэгсэл” болохыг тайлбарласан байна.

Мөн эдгээр чадавхыг “довтолгооны болон хамгаалалтын аль аль зорилгоор” ашиглах боломжтойг онцолжээ.

АНУ-ын энэ мэдэгдлийн хариуд Хятадын гадаад хэргийн яам “сансарт дайн өдөөхөд бэлдэж”, “сансрын уудмыг зэвсэглэлээр хөөцөлдөх талбар болгож” буй Вашингтоны эрх баригчдыг шүүмжилсэн байна.

Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “сансар огторгуйг аливаа зэвсгээс ангид байлгах ёстой” гэсэн байр суурь Орос улс баримталдгийг дурдаад “сансрын орон зайг зэвсгээс бүрэн ангижруулах”-ыг уриалжээ.

АНУ, Орос, Хятад улсууд сансрын зэвсэг бүтээхээр ажиллаж байгаа нь нэгэнт ил болсон зүйл. Үүнд бусад хиймэл дагуулын үйл ажиллагааг зогсоох дохио сарниулагч, мөн сум харвах чадвартай “кинетик” төрлийн зэвсэг багтаж байна.

Гэхдээ тэдний хэн нь ч Даваа гарагийг хүртэл ийм зэвсэг сансарт байрлуулснаа албан ёсоор зарлаагүй байсан юм.

Сансар огторгуйг зэвсэглэх үйл явц 1950-аад оны үед Вашингтон, Москвагийн хооронд эхэлсэн гэдэг ч өнгөрсөн хугацаанд үүнээс зайлсхийх оролдлогууд хэрэгжсээр ирсэн байдаг.

Тухайлбал 1967 онд их гүрнүүд дэлхийн тойрог замд олноор хөнөөх зэвсэг байрлуулахыг хориглосон гэрээнд гарын үсэг зурсан ч цөмийн бус, уламжлалт зэвсгийг үүнд тодорхой заагаагүй юм.

Улмаар 1989 онд хүйтэн дайн дуусахад Олон Улсын Сансрын Станц байгуулах зэргээр улс орнуудын энх тайванч хамтын ажиллагаанууд эхэлж байв.

Гэвч 21 дүгээр зуун гарснаас хойш сансрын уудмыг тулааны талбар болгох алхамд аажмаар шилжиж байна.

2021 онд Орос улс тойрог зам дахь ашиглалтаас гарсан хуучин хиймэл дагуулаа дэлхийгээс пуужингаар харваж устгах туршилт явуулсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлтэй тулгарч байв. Энэхүү туршилтын улмаас тойрог замд олон мянган хэсэг хог хаягдал үүссэн юм.

“20 жилийн өмнө байж боломгүй зүйлд тооцогддог байсан сансрын зэвсэглэлийг АНУ өнөөдөр үзэл баримтлалын хувьд хэвийн үзэгдэл болгож байна. Миний бодлоор энэ буруу. Гэхдээ энэ тал дээр бодлогоо өөрчлөхөд оройтоогүй гэж би бодож байна. Тухайлбал Хятад улстай энэ тал дээр хамтрах хэрэгтэй. Учир нь энэ улс бол сансрын салбарын шинэ өрсөлдөгч юм. АНУ-ын эрх баригчид зэвсэглэлээр хөөцөлдөхөө түр азнаж, зарим зүйлийн талаар эргэцүүлэн бодно гэдэгт би найдаж байна” гэж Харвард-Смитсонын Астрофизикийн Төвд ажиллаж байгаад энэ жил тэтгэвэртээ гарсан судлаач Жонатан Макдоуэл хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters