Парисын шүүх 2016 онд дээрэмдүүлсэн Ким Кардашяны хохирлыг нэг еврогоор барагдуулах шийдвэр гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Парис хотын шүүх Мягмар гарагт Америкийн шоу ертөнцийн од Ким Кардашянд нэг еврогийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ.

Тэрбээр 2016 онд Францын нийслэлд зэвсэгт этгээдүүдэд дээрэмдүүлсэн бөгөөд үүнийхээ хохирлыг нэг еврогоор нэхэмжилснийг шүүх ийнхүү хэрэгжүүлсэн байна.

Кардашян уг дээрмийг “миний амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай үйл явдал” гэж тодорхойлж байсан юм. Өнгөрсөн онд Францын шүүх энэ дээрэмд оролцсон найман хүнийг яллаж байв.

Тэр үеэс хойш Кардашян энэ хэргийг мартаж, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байгаа юм.

Шүүх өчигдөр бас “Hotel de Pourtales” зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байсан хүний хохирлыг 109,516 еврогоор барагдуулах шийдвэр гаргажээ.

Дээрэм болох үед Кардашян уг зочид буудалд байсан юм. 2016 оны аравдугаар сарын 2-ны өдөр болсон дээрмийн улмаас сэтгэл санааны гүн цочролд орсон үндэслэлээр хүлээн авагч анх 550,000 евро нэхэмжилж байжээ.

Түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг талархан хүлээж авснаа мэдэгдсэн байна.

Шүүх бас халдлагад өртсөн зочид буудалд 50,000 евро олгохоор шийдвэрлэжээ.

Дээрмийн үеэр Кардашянтай хамт байсан стилист Симон Бреттер нэг евро нэхэмжилснийг шүүх ёсоор болгосон байна.

Парисын хувцас загварын долоо хоногт зочноор ирээд байхдаа Кардашян урьдчилан төлөвлөсөн дээрмийн хохирогч болж байв.

Цагдаагийн дүрэмт хувцастай хоёр этгээд Кардашяны өрөөнд нэвтэрч, түүний гар хөлийг хүлсний дараа $6 саяын үнэ бүхий эд зүйлс дээрэмдсэний дотор тухайн орой Givenchy брэндийн шоунд оролцохдоо зүүж байсан алмаазан бөгж байжээ.

Уг гэмт хэргийг өндөр настнууд үйлдсэн тул Францын хэвлэлүүд тэднийг “дээрэмчин өвөө нар” (les papys braqueurs) хэмээн нэрлэж байв.

60-70 гаруй насны бусад зургаан хамтрагч зэвсэгт дээрэм, хүн барьцаалалт, бүлэг гэмт хэрэг зэрэг зүйл ангиар шийтгүүлсэн юм.

Гэхдээ тэд шалгагдаж байхдаа хоригдсон хугацаа нь хангалттай байсан тул хэн нь ч шоронд үргэлжлүүлэн суугаагүй, хэн нь ч ялаа давж заалдаагүй байна.

Мөн дээрэмчид зугтах үедээ гээсэн цөөн эд зүйлсээс бусад нь олдоогүй бөгөөд тэдгээрийг эвдэж, хайлуулаад бэлэн мөнгө болгосон гэж үзэж байгаа.

Кардашян өнгөрсөн онд шүүх хурлын дараа гаргасан мэдэгдэлдээ “Шударга ёсыг тогтоосон Францын эрх баригчдад гүнээ талархаж байна. Энэ гэмт хэрэг миний амьдралд тохиолдсон хамгийн аймшигтай үйл явдал байсан бөгөөд надад болон миний гэр бүлд урт удаан хугацааны сэтгэлийн шарх үлдээсэн юм. Би болж өнгөрсөн зүйлийг хэзээ ч мартахгүй ч ахиц дэвшил, хариуцлагын хүчинд итгэдэг бөгөөд бүх хүмүүст эдгэрэл, илааршлыг хүсэж байна. Шударга ёс, шударга хууль эрх зүйн тогтолцоонд би үнэнч хэвээр байх болно” гэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press