Хотын дарга Б.Пүрэвдагва "Цаашид иргэдээ бетонон ширэнгэд амьдруулахгүй" гэж амлав
Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хийж буй ажлуудаа нийслэлийн удирдлага танилцуулаад хүндээ ээлтэй хот болгохоо амлав.
Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод ногоон хөгжлийн бодлого тэргүүлэх чиглэл байх болно. Тийм учраас хүн ам ихээр нягтаршин суудаг Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Ногооннуур орчимд 5.5 га талбайд хувийн хэвшлийн дэмжлэгээр Хаан банктай хамтран цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хуучнаар Жуковын хөшөөний ард талын 6,000 м.кв газрын зөвшөөрлийг зургаадугаар сард цуцалж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгохоор ажил эхлээд байна.
Энэ зун "Ногоон өртөө" төслийг хурдацтайгаар хэрэгжүүлж, хоёр сарын хугацаанд нийт 14 цэгт цахилгаан автомашины 38 цэнэглэгчийг байрлууллаа. Энэ онд тоог нь 80-д хүргэж, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ. Цахилгаан автомашины тоог 50,000-д хүргэвэл 300 сая литр шатахууныг халж, 200 сая ам.долларыг хэмнэх юм.
Улаанбаатар хотод шинээр Шархад, Баянхошуу дэд төвд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлээд байна. Ногоон орон сууцны ус, цахилгааны хэрэглээ нь 20-25 хувь. Нийтийн эзэмшлийн талбай болон орцны гэрлийг байшин дээрх нарны панелиар эрчим хүч хуримтлуулж, хангах шийдэлтэй. Цаашид 270 айлын ногоон орон сууцыг нэмж барина.
Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 5,000 айлыг хийн зууханд шилжүүлсэн. Ирэх жилүүдэд 10,000-15,000 айлыг хийн түлшинд үе шаттайгаар шилжүүлнэ.
Уурын зуухаар дулаанаа хангадаг сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг хийн халаалтад үе шаттай шилжүүлнэ. Ингэснээр 130 мянган өрхийн яндангаас гарах хэмжээний нүүрсний утааг бууруулна.
Цаашид бетонон ширэнгэд амьдрах биш илүү ногоон байгууламж ихтэй, иргэд чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх талбайтай, ахмадууд салхилах тухтай орчныг бүрдүүлсэн, хүүхдүүд тоглох талбайтай, хүндээ ээлтэй хотыг бүтээнэ" гэж мэдээллээ.
Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдоод 4 сар орчим болж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
