Байлдааны хөлгүүд нь пуужингийн цохилтод өртсөний хариуд АНУ-ын зэвсэгт хүчин Ираны ачааны гурван хөлгийг устгажээ

Т.Давааням, ikon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагт АНУ-ын байлдааны хөлгүүд пуужингийн цохилтод өртсөний хариуд Ираны газрын тос тээвэрлэгч гурван хөлгийг устгаснаа Пентагон өчигдөр мэдээлжээ.

Мөн “шаардлагатай бол Ираны газрын тос тээвэрлэгч хөлгийн флотыг бүхэлд нь устгахаа” анхааруулсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Бямба гарагт тэнгист эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч, сөнөөгч хөлгүүд Ираны талаас үйлдсэн олон удаагийн довтолгооноос зайлсхийж чадсан, хүн хүчний ямар нэг хохирол учраагүй гэнэ.

Хариу цохилтод Ираны газрын тос тээвэрлэгч хөлгүүдийн хоёр нь “бүрмөсөн ажиллагаагүй болсон” бол ачаагүй хоосон байсан гурав дахь хөлгийг “устгасан” гэж Пентагон мэдээлжээ.

Эдгээр нь Исламын Хувьсгалт Гвард болон бүс нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдийг санхүүжүүлэхэд чухал үүрэгтэй Ираны “сүүдрийн флот”-ын нэг хэсэг байсан гэнэ.

“Бид Америкийн зэвсэгт хүчнийг хамгаалахад хэзээ ч эргэлзэхгүй бөгөөд хэрвээ шаардлагатай бол Ираны сул дорой, ил задгай байгаа газрын тосны флотыг устгах болно” гэж АНУ-ын цэргийн төв командлалын дарга, адмирал Брэд Купер мэдэгджээ.

Бямба гарагийн өглөө Персийн булангийн Харк арлын ойролцоо Ираны газрын тос тээвэрлэгч хөлгүүд цохилтод өртөж, багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлсэн тухай Техраны хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм.

Хариуд нь газрын тос тээвэрлэгч гурван хөлөг болон АНУ-ын хөлөг онгоцнууд руу пуужин харвасныг Ням гарагийн орой Ираны төвийн төв телевиз мэдээлжээ.

Америкийн тал одоогоор үүнийг батлаагүй байна.

Сар гаруй хугацаанд дайны гал намжаад байсан ч бараг долоо хоногийн өмнөөс талууд дахин дайтаж эхэлсэн юм.

Мягмар гарагт АНУ-ын агаарын цохилтын улмаас Ираны өмнөд бүсийн нэг хотод хуримын ёслолд оролцож байсан дөрвөн хүн алагдаж, олон арван хүн шархадсан.

Пүрэв гарагт ийм зүйл болсон эсэхийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсээс сэтгүүлч асуухад “заримдаа ийм зүйлс тохиолддог” гэж хариулжээ.

Өмнө нь хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу дайны эхний өдөр АНУ-ын зэвсэгт хүчин Минаб хотын нэгэн дунд сургуулийг устгахад 156 хүн алагдсаны ихэнх нь сурагч хүүхдүүд байсан юм.

Пентагон үүнийг шалгаж үзээд Ираны Хувьсгалт Гвардын тэнгисийн баазыг онилохдоо ойролцоо оршдог сургуулийг буруу координатын улмаас оносон гэх урьдчилсан дүгнэлт гаргаж байв.

Энэхүү мөрдлөгийн ажлын бүрэн тайлан одоо болтол олон нийтэд ил болоогүй байна.

 

Эх сурвалж: Associated Press