Олон улсын хиймэл оюуны III олимпиадаас монгол сурагчид хос хүрэл медаль хүртлээ

Г.Мөрөн, iKon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын хиймэл оюуны III олимпиадын (IOAI 2026) медаль гардуулах ёслол болж өнгөрлөө.

Дэлхийн 100 гаруй улсын 470 гаруй шилдэг сурагчид оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдсөн тус олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон манай дөрвөн сурагчийн хоёр нь медалийн болзол хангаж, хүрэл медаль хүртлээ.

Медаль хүртсэн сурагчид:

  • Ү.Эрхэс /Хобби сургууль, 11 дүгээр ангийн сурагч/ – Хүрэл медаль
  • Б.Бат-Эрдэнэ /Амжилт Кибер сургууль, 12 дугаар ангийн сурагч/ – Хүрэл медаль

Оролцогчид өнгөрсөн өдрүүдэд ганцаарчилсан төрлөөр машин сургалт, гүн сургалт, хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлогуудыг бодож, багийн төрлөөр хүн дүрст робот (GALBOT)-ыг программчлан өрсөлдсөн байна.

Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас "Энэхүү өндөр босго, хатуу шалгууртай дэлхийн хэмжээний тэмцээнд амжилттай өрсөлдөж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн сурагчдадаа халуун баяр хүргэе. Мөн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бусад сурагч, тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч багш нар, үргэлж дэмжиж байдаг эцэг эх, асран хамгаалагчид болон сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Та бүхнийхээ цаашдын сурлага, хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье" гэжээ.