"200 ухаалаг хогийн савыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр дотоодын компанид үйлдвэрлүүлж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
57 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад ухаалаг хогийн савыг байршуулж эхэлжээ. Нийт 200 хогийн сав байршуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хогийн савыг суурилуулсан байна.

Энэ тухай УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр “Өнөөдрийн байдлаар ухаалаг хогийн савыг 30 цэцэрлэг, 38 сургуульд байршуулаад байна. Мөн 10 гаруй үзвэр, үйлчилгээний байгууллагад суурилуулсан. Энэхүү ажил нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой. Ногоон оноог цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх чухал хөшүүрэг болно” гэж мэдээллээ.

Энэхүү хогийн сав нь хиймэл оюун ухаанд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэргийг автоматаар ангилан ялгадаг байна.

Ажиллуулах зааврын тухайд: Хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь Хотула аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг. Ингэж ногоон оноо цуглуулж, уг аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтойг тайлбарлалаа.

Харин УБЗАА-ны мэргэжилтнээс тодруулснаар эдгээр хогийн савыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр дотоодын компани үйлдвэрлэж өгч байгаа аж. Өнгөрсөн онд тендерийг зарлаж, гүйцэтгэгч нь шалгарчээ.

"Интернэтэд холбогдох боломжтой сургууль, цэцэрлэг, зах худалдааны төвүүдэд ухаалаг хогийн савыг байршуулна. 

Иргэдийн цуглуулсан ногоон оноог юунд зарцуулах журмын төслийг боловсруулж байгаа" гэв.

2025 оны нийслэлийн төсвөөс шүүж үзэхэд Ухаалаг Улаанбаатар смарт сити төсөлд 8.3 тэрбум төгрөгийг баталжээ.