Талибаны дэглэм эрэгтэйчүүдэд ясыг нь хугалалгүй, ил шарх сорви үлдээлгүй эхнэрээ зодохыг хуулиар зөвшөөрчээ

Т.Давааням, ikon.mn
1 цаг 27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Афганистан дахь Талибаны засгийн газар саяхан ямар төрлийн гэмт хэргүүд ямар ял шийтгэлтэй байх талаар шинэ тогтоол гаргажээ. Үүнд яс хугалаагүй, ил шарх сорви үлдээгээгүй тохиолдолд эрэгтэйчүүдэд эхнэрээ зодохыг зөвшөөрсөн утгатай шийдвэр багтсан байна.

“Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бүрэн захирах эрхтэй, нөхрийн үг бол хууль гэсэн агуулгатай шийдвэр гарсан” гэж Кабул дахь хүний эрхийн төлөө тэмцэгч Махбуба Сераж энэ талаар мэдээлсэн юм.

Тогтоол өнгөрсөн сард гарсан боловч хүний эрхийг хамгаалагчид саяхан пушту хэлнээс англи хэл рүү орчуулснаар дэлхий дахины анхаарлын төвд оржээ.

Талибаны эрх баригчдын гаргасан уг тогтоолд өөр олон төрлийн гэмт хэргийн шийтгэл багтсан нь Афганистан даяар нийтлэг хэрэгждэг зүйлс боловч 2021 оны наймдугаар сард АНУ болон түүний холбоотнууд тус улсаас явснаас хойш анх удаагаа албан ёсны бичиг баримт болж гарсан юм байна.

“Хэрвээ нөхөр нь эхнэрээ маш хүчтэй зодож, ясыг нь хугалсан, ил шарх сорви үлдээсэн, эсвэл биед нь хөхрөлт үүсгэсэн тохиолдолд эхнэрийн хүсэлтээр нөхрийг гэмт хэрэгтэнд тооцох болно. Шүүгч энэ тохиолдолд нөхөрт 15 хоног хорих ял оноох ёстой” гэж уг тогтоолд заажээ.

Харин амьтдын эсрэг хүчирхийлэл үүнээс хатуу шийтгэлтэй байхаар болсон байна. Тухайлбал нохой, азарган тахиа зэрэг амьтдыг хооронд нь зодолдуулсан хэнийг ч таван сарын хугацаанд хорихоор болжээ.

Бас эцэг нь хүүхдээ мөргөл үйлдээгүй тохиолдолд зодвол ямар нэг ял шийтгэл хүлээхгүй болсон байна.

Харин багш нь сурагчийнхаа ясыг хугартал зодсон тохиолдолд зөвхөн ажлаасаа халагдах журамтай болжээ.

Афганистанд эмэгтэйчүүдийг эрэгтэй хүнгүйгээр гэрээсээ гарахыг хориглодог тул зодуулсан тохиолдолд шүүхэд хандах боломж бага гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.

Тус улсад хэрэгждэг Шариатын хуулиар эмэгтэй хүний өгсөн мэдүүлгийг эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин бага үнэ цэнтэй гэж үздэг.

Талибаны дэлгэм тогтсоноос хойш Афганистанд эмэгтэйчүүдийн эрх аажмаар доройтож, өнөөдөр бараг ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.

НҮБ-ын хүүхдийн сангийн тооцоолсноор дунд болон их сургуульд эмэгтэйчүүд суралцахыг хориглосны улмаас хоёр сая гаруй охид бүсгүйчүүд сургуулиас хасагджээ.

Пүрэв гарагт Женев хотод болсон хуралд үг хэлэхдээ НҮБ-ын хүний эрхийн байгууллагын тэргүүн Волкер Тюрк дээрх тогтоолыг “эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийг хуульчилсан үйлдэл” гэж тодорхойлоод “Афганистан бол хүний эрхийн оршуулгын газар болсон” гэж мэдэгджээ.

Шинээр гарсан тогтоолд бас Талибаны удирдагч Хибатулла Ахундзадаг доромжилсон хэнийг ч 39 удаа ташуурдаж, нэг жил шоронд хорихоор заасан байна. Бусад өндөр албан тушаалтнуудыг доромжилсон тохиолдолд зургаан сарын хорих ял, 20 удаагийн ташуурдалтаар шийтгэхээр болжээ.

Мөн “Исламын шашинд харшлах үзэл сургаал түгээсэн, хулгай, ижил хүйстний бэлгийн харилцаа, үтрээнээс бусад бүх төрлийн бэлгийн харилцаанд орсон бол” цаазын ял оноох эрхийг шүүгчид олон шашны өндөр албан тушаалтнуудад олгосон байна.

 

Эх сурвалж: CNN