ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ.
Түүнийг Авлигатай Тэмцэх Газраас албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр нэгдүгээр сарын 16-нд саатуулан шалгаж, 19-ний өдрөөс эхлэн цагдан хорьж, шалгаж байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Н.Тавинбэхийг цагдан хорих хугацааг сунгах санал шүүхэд хүргүүлснийг хүлээн авч шийдвэрлэсэн. Харин түүний өмгөөлөгч уг шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргаад байсныг өнөөдөр /2026.02.26/ дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцсэн байна.
Н.Тавинбэхийг цагдан хорих хугацааг сунгахыг эсэргүүцсэн өмгөөлөгчийнх нь гомдлыг шүүх хэлэлцээд яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэнээр батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийн талаар шүүхээс гаргасан тайлбарыг хүргэж байна.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Т-д “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Х.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!