Уншиж байна ...

Гринландын цаг агаар хурдтай дулаарч, эдийн засгийн үндэс нь загасчлалаас уул уурхай руу шилжих төлөвтэй байна

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүслэн болсон Гринланд арал түүхэндээ хамгийн дулаан нэгдүгээр сарыг үзсэн тухай цаг уурчид мэдээлжээ.

Тус арлын нийслэл Нүүк хот дахь Данийн Цаг Уурын Хүрээлэнгийн хэмжих төхөөрөмжийн заалтаар өнгөрсөн сард агаарын дундаж температур Цельсийн +0.2 хэм байсан нь 1991-2020 оны дундаж болох -7.7 хэмээс эрс өссөн үзүүлэлт болсон байна.

“Уур амьсгалын өөрчлөлт Гринландад тодорхой харагддаг болсон. Бидний хэмжилтээр бол энд дэлхийн дулаарлаас дөрөв дахин хурдтай дулаарч байна” гэж Данийн Цаг Уурын Хүрээлэнгийн Уур Амьсгал Судлалын Үндэсний Төвийн захирал Якоб Хойер хэлжээ.

Үүний үр дүнд Гринланд арлын эдийн засгийн нэг үндэс болдог загас агнуурын салбарт муугаар нөлөөлж байна. 2023 оны Гринландын дотоодын нийт бүтээгдэхүүний 23 хувийг энэ салбар бүрдүүлж байв. Бас арлын нийт ажлын байрны 15 хувийг энэ салбар бүрдүүлж байжээ.

“Гринландыг хүрээлсэн усны температур нэмэгдэж байгаа нь экосистемийг өөрчилж, загас агнуурт сөргөөр нөлөөлөх төлөвтэй байна” гэж Хойер тайлбарласан юм. Гэхдээ яг ямар хэмжээнд нөлөөлөхийг одоогоор хэлэх боломжгүй байгаа гэнэ.

Нөгөө талаар энэ үзэгдэл цас мөсөнд хучигдсан Гринланд арлын хөрсөн доорх баялгийг олборлох зардлыг бууруулж байна.

Трамп тус арлыг АНУ-д нэгтгэх сонирхлоо үндэсний аюулгүй байдалтай холбодог ч давхар нөөц баялгийн сонирхол байгаа нь тодорхой.

2023 онд Данид нийтлэгдсэн судалгааны тайланд өгүүлснээр Европын Холбооноос стратегийн чухал ач холбогдолтой 34 ашигт малтмал зарласны 25 нь Гринланд аралд байдаг юм байна.

 

Эх сурвалж: Reuters