Ардчилсан Намаас Орхон аймагт МАН иргэдийн нийтийн хурлуудыг будилаантуулж, багийн даргын сонгуулийг улс төржүүлж буй зэрэг асуудлаар Төрийн ордонд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан "Эрх баригчид өнгөрсөн долоо хоногт Орхон аймагт өрнөсөн багийн иргэд нийтийн хурлыг орон нутагт төрийн эрхийг ашиглах замаар, хороо баг дээр буй зохион байгуулагч гэдэг хүмүүсийг ашиглан будилаантуулж байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулиар улс төрийн намаас ангид байдлаар баг иргэд нийт өөрсдөө хурлаа зохион байгуулж даргаа сонгодог тогтолцоонд эрх баригчид хөндлөнгөөс нөлөө үзүүлж байна.
Тухайлбал багийн хурал зохион байгуулаад, дүн гарахтай зэрэгцээд тамгаа аваад зугтсан тохиолдол 2-3 удаа гарлаа. Багийн иргэд нийтийн хурлыг албан ёсоор зарласан байхад өөр танхимд цуглаж, цөөхүүлээ хуралдаж байгаад хуурамчаар тогтоол үйлдэж багийн засаг дарга, ИТХ-ын даргыг сонгосон мэтээр аймгийн Засаг даргын тамгын газарт хуурамч материал бүрдүүлж өгсөн тохиолдлууд гарч байна.
Иргэд нийтийн хурал МАН-ын сонгуулийн штаб биш. МАН-ын салбар хороо биш. Иргэд Үндсэн хуульд олгогдсон эрхийн хүрээнд өөрийгөө удирдуулах хүнээ дотроосоо нэр дэвшүүлж сонгодог. Засаг захиргааны анхан шатны нэгж дээр иргэдэд үйлчлэх бололцоог олгодог нэгжийг МАН-ын 2027, 2028 оны сонгуулийн штаб болгох гэж байгаа үйлдлийг Ардчилсан Нам эрс эсэргүүцэж байна.
Цаашид олон газарт ийм байдал давтагдвал хөндлөнгөөс хяналт тавьж, таслан зогсоох чиглэлээр иргэдтэй хамтран ажиллана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!