Уншиж байна ...

"Сэлбэ голын эх" байгалийн нөөц газрын 1.0 га дээр Экологийн боловсрол олгох төвийг барих төсөл боловсруулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Сэлбэ голын эх байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар(НИТХ) хэлэлцэх гэж буй. Үүнээс өмнө НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо болон Хүний хөгжлийн хорооны хамтарсан хуралдаан болж, уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.

Учир нь хамтарсан хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс энэ жил нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ижил төстэй төслүүдийг хэрэгжүүлэхээр зэхсэн талбайд ажиллах, эрэмбэлэх шаардлагатай гэсэн санал гаргасан байна.

Энэ тухай НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч Б.Золтуяа “Ойн сан бүхий газарт иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зугаалах, агаарлах газар гаргаад тохижуулах нь зөв ч Экологийн боловсролын төв барина гэж байшин бариад тэр нь өргөжөөд, нэмэгдсээр барилга орон сууц барих нөхцөл бүрдэх вий гэж болгоомжилж нухацтай, ул суурьтай асуудалд хандах нь зөв. Тиймээс байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гартал дээрх төслийн танилцуулгыг нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхийг хойшлуулж, хорооны гишүүд тухайн төслийг хэрэгжүүлэхээр зэхсэн газар дээр ажиллахыг дэмжлээ” гэв. 

Төслийн танилцуулгад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Их баянгийн ам "Сэлбэ голын эх" байгалийн нөөц газрын 2071.5 га талбайгаас Экологийн боловсрол олгох төвийн барилгыг барих 1.0 га талбайг хасаж, өөрчлөхийг дурджээ.

Уг асуудлыг маргааш буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр болох Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байсан юм.