Улаанбаатарын өвлийн наадмыг энэ сарын 31-нд зохион байгуулахаар товложээ
“Улаанбаатарын өвлийн наадам 2026” арга хэмжээг 14 дэх жилдээ нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Скай ресорт цанын баазад зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл Урлагийн Газраас мэдээлэв.
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1,000 гаруй баг тамирчин оролцохоос гадна БНХАУ-ын ӨМӨЗО, Шинжаан Уйгар, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Казахстан, АНУ, Монгол туургатны 50 гаруй гадаад тамирчин оролцохоо мэдэгджээ.
Уг арга хэмжээ нь Монголын үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг дэмжих, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилготой байна.
Наадмын үеэр зохион байгуулагдах тэмцээн, уралдаанууд:
- Мөсөн сурын харвааны Олон улсын аварга шалгаруулах тэмцээн
- Мөсний шагайн Улсын аварга шалгаруулах тэмцээн
- Снөүбоардын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Параглайдинг /уулын шүхэр/ Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Цасны Регбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Уулын цанын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Кёрлингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн
- Мөсөн хананд авиралтын сонирхогчийн тэмцээн
- Гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн
- Гранд тур (winter cup) аялал жуулчлалын салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн.
Үзүүлбэр, үйлчилгээ:
- Шүхрийн үзүүлбэр
- Шувуулахуйн үзүүлбэр
- Монгол Банхар нохой
- Хоол ундны үйлчилгээ
- Цана, чарганы үйлчилгээ
- Урлагийн тоглолт зохион байгуулах хөтөлбөр гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

