Уншиж байна ...

Өмнөд Солонгосын К-pop цомгийн экспорт 2025 онд анх удаагаа $300 саяыг давжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын K-pop цомгуудын экспортын хэмжээ өнгөрсөн онд анх удаа $300 саяын босгыг давсан нь өнөөдөр өглөө нийтлэгдсэн тус улсын гаалийн тоо баримтаас харагджээ.

Тухайлбал 2025 онд нийт $301.7 саяын үнэтэй цомог гадаад зах зээлд экспортлогдсон нь өмнөх жилээсээ 3.4 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Япон улс энэ төрлийн хамгийн том зах зээл байж, $80.6 саяын дүнтэй цомог импортолжээ. Дараа нь $69.7 саяар Хятад улс, $64 саяар АНУ тус тус удаалсан байна.

Японы импорт өмнөх жилтэйгээ харьцуулахад 10.2 хувиар буурсан ч Хятадынх 16.6 хувиар өсжээ.

Үүний үр дүнд Хятад улс 2022 оноос хойш алдаад байсан дэд байраа АНУ-аас буцааж авсан байна.

K-pop цомгийн топ 10 импортлогчид Тайвань, Герман, Хонконг, Нидерланд, Канад, Франц, Польш улсууд багтжээ.

Хэдийгээр экспортын үнийн дүн өссөн харагдаж байгаа ч борлогдсон цомгийн тоо ширхгийн хувьд дотоод болон гадаад зах зээлд сүүлийн хоёр жил дараалан буурсан байна.

Тухайлбал 2023 онд нийтдээ 120 сая ширхэг цомог борлогдож байсан бол 2025 онд 93.5 сая ширхэг болж буурсныг Circle Chart хөгжмийн зах зээлийн судалгааны байгууллага мэдээлжээ.

Гол бууралт Өмнөд Солонгосын дотоодын зах зээлд ажиглагдаж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Yonhap News